Махны үнэ 165 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна

Нийслэлийн статистикийн газраас 7 хоногийн (2017 оны 01-р сарын 11) хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

2017 оны 1-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5705 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6765 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар буюу 140 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2.0 хувиар буюу 165 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.5 хувиар буюу 195 төгрөг, хонины цул мах 4.4 хувиар буюу 260 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2017 оны 1-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2017 оны 1-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.7 хувиар буюу 5 төгрөгөөр буурч, харин лууван 1.0 хувиар буюу 10 төгрөгөөр өссөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ