Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрийг хурааж эхэллээ

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах ажил энэ сарын 9-нөөс буюу өнөөдрөөс эхэллээ. Таны автомашины улсын дугаар 1, 6-р төгссөн бол энэ сардаа багтааж автотээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Мөн бусад тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн татварыг ч урьдчилан төлж болох юм.

Энэ жил өмнөх жилүүдэд албан татвар, төлбөрөөс хоцорсон улсын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийг бүрэн хамруулах зорилготой ажиллах юм байна. Нийслэлийн хэмжээнд улсын бүртгэлтэй 480 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс замын хөдөлгөөнд огт оролцдоггүй 50 мянга гаруй тээврийн хэрэгсэл байгаа аж.

Есөн дүүргийн Татварын хэлтэс ажлын цагийн хуваарийн дагуу иргэд, аж ахуй нэгжүүдэд үйлчилж байна. Мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/, АТҮТ-ийн оношлогооны гурван салбар дээр татвар хураах ажлыг зохион байгуулж байна. Иргэд дүүрэг, харьяалал харгалзахгүй татвар, төлбөрөө өөрт ойрхон салбаруудадтөлөх боломжтой.

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

Мөн www.smartcar.mn цахим хуудаснаас өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянах, хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойгоо мэдэх боломжтой.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ