З.Энхболд: Тавантолгойг ард түмнээс асуулгүй зарвал шүүхэд хандана
АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийсэн юм.
Тэрээр хэлсэн үгэндээ “Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Тиймээс “Тавантолгой”-н орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар "Тавантолгой"-г явуулахаар шийдэх гэж байна. Энэ нь Ардын намын бүлэг дээр буцаагдсан байна лээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын оруулж ирсэн Монголд ашиггүй гэрээг тухайн үед нь эсэргүүцэж байлаа. Би ганцаараа эсэргүүцсэн юм биш. УИХ-ын гурван дэд дарга гарын үсэг зурж нэгдмэл байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлж байсан. Дараа нь Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч Засгийн газрын гэрээний төслийг дүгнээд хэд хэдэн хууль зөрчсөн болохыг тогтоосон. Ажлын хэсэгт одоогийн УИХ-ын гишүүдээс Б.Чойжилсүрэн, Д.Сумъяабазар, О.Баасанхүү нар багтаж байсныг санаж байгаа байх. УИХ-ын гишүүд Тавантолгойн гэрээг хэлэлцэхээсээ өмнө дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг харах хэрэгтэй. 90 хуудас дүгнэлт одоо ч УИХ-ын цахим хуудсанд бий. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын оруулж ирсэн төсөл яагаад УИХ-ын босго даваагүй гэдгийг дүгнэлтэд тодорхой бичсэн. Одоогийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаасаа ч дор хувилбар оруулж ирэх гэж байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцсэн байна лээ.
Х.Болорчулуун, Ж.Энхбаяр нарын хэвлэлд өгсөн ярилцлагыг уншсан. Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргасны дараа 40 гишүүн гарын үсгээ зурсан тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Гишүүдийн өргөн барьсан тэр хувилбар бол Засгийн газрынхаас хамаагүй илүү төсөл байсан. Гэвч сонгууль дөхсөн учраас хэлэлцэж амжилгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Энэ төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшигч Монголын ард түмний эрх ашгийг тусгасан байгаа.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын төслөөс дээрдэх юмгүй, бүр дордуулсан хувилбар оруулж ирэх гэж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гэрээг төрийн байгууллагууд дүгнэж албан ёсоор саналаа ирүүлж байсан юм. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг нийт ард иргэд эзэмшдэг учраас Компанийн тухай хуулийн дагуу ард иргэдээсээ саналыг нь авах ёстой. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах гэж байгаа бол заавал хувьцаа эзэмшигчдийн хурал хийнэ” гэж дүгнэсэн.
Тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны даргаар одоогийн УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж байсан. Мөн “Монголын төмөр зам” компани “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг энэ гэрээнд заасан хувилбараар шийдэх нь буруу” гэсэн дүгнэлт ирүүлж байсан. Тухайн үед одоогийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Монголын төмөр зам” компанийн захирлаар ажиллаж байлаа. Мөн ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан. Гэвч Ч.Сайханбилэг, М.Энхсайхан хоёр үүнээс зөрж бантан шиг гэрээ оруулж ирсэн. Дээрээс нь Тавантолгойн ордыг хувьдаа авах сонирхолтой “Энержи ресурс” компани буруу ташаа мэдээлэл их тараасан.
Тавантолгойн ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг нь сүүлийн жилүүдийнх нь үйл ажиллагаанаас нотлогдсон. Жилд 10-20 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой. Харин төмөр замаа өөрсдөө барих боломжгүй учраас зөвхөн төмөр зам дээрээ зээл авч болно. Ингэхгүйгээр Тавантолгойг шууд зарах гэж байгаа бол ард түмнээсээ асуух ёстой. Асуухгүйгээр шийдэх юм бол “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшигч З.Энхболд миний бие шүүхэд хандах болно гэдгээ МАН-ын Засгийн газарт албан ёсоор хэлье. Шүүх дээр би ялна. Яагаад гэвэл, би хувьцаа эзэмшигч” гэсэн юм.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ