"Мах, сүүний анхдугаар аян"-ыг ирэх сарын 01-нээс өрнүүлнэ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян" зохион байгуулж, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана. Атрын III аяныг үргэлжлүүлнэ” гэж тусгасан.

Энэ дагуу 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг холбогдох сайд нарт даалгав.

Аяныг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулах бөгөөд хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, иргэдээ баталгаат хүнсээр, үйлдвэрээ түүхий эдээр тогтвортой хангаж, улмаар эдийн засагт тодорхой өсөлт бий болно гэж Хүнс, хөдөө аж ахуйн яам тооцоолж байна.

“Мах, сүүний анхдугаар аян”-ыг үхрийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариаланг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, дотоодын хэрэглээгээ хангаж, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд зохион байгуулахаар төлөвлөжээ.

70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоо байхгүй зэрэг шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэр хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна.

Мөн Атрын III аяныг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Аяны хүрээнд эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах, тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлэх, үр, үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх, ус, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх юм.

Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэж, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ гэж тооцжээ. Энэ жилийн хувьд манай улс буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 48 хувийг дотоодоос хангаж чадсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ