Монгол улс Оросоос зүгээр л 100 тэрбум рубль гуйжээ
Монгол улс100 тэрбум орчим рублийн хөнгөлттэй зээл олгох асуудлыг авч хэлэлцэхийг оросын талд хандан хүсчээ гэж Интерфакс агентлаг мэдээлсэн байна. Ингэхдээ монголын төлөөлөгчид мөнгө юунд хэрэгтэйг тодруулан тайлбарлаагүй аж.
Оросын тал зээл өгөхөөс татгалзжээ. Учир нь “авахыг хүсч байгаа зээлийн болон монголын талын хувьд хүлээн авч болохуйц санхүүгийн үзүүлэлтийн тухай мэдээлэл монголын талд байхгүй байгаа нөхцөлд оросын тал түншийн хүсэлтийг зүйлчлэн хэлэлцэх боломжгүй юм” гэж хоёр орны төлөөлөгчдийн уулзалтын протоколд тэмдэглэжээ.
Орос-монголын засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комиссын хуралдаан 12 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод болсон юм.
Хоёрдугаар сард Оросын ерөнхийлөгч Владимир Путин Орост Монголын төлөх өрийг хүчингүй болгох тухай хуульд гарын үсэг зурсан билээ. Хуулийн дагуу, 174,2 сая ам.долларын өрийн 97 хувийг хүчингүй болгожээ.
“Монгол улс, Оросын хооронд санхүүгийн зохицуулагдаагүй үүрэг байгаа нь хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад болж буй хүчин зүйл юм” гэж баримт бичигт дурджээ. Одоо Монгол улс Орост 3,8 сая ам. долларын өртэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ