С.Баярцогтын оффшор дансанд 9.2 сая ам.доллар орсон нь тогтоогдож байгаа гэв
Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос С.Баярцогтын оффшор дансны талаар мэдээлэл хийлээ.
Тус холбооноос Швейцарийн банкны баримтаар С.Баярцогтын оффшор дансанд 2009 оны 10 дугаар сарын 27-нд 9.2 сая ам.доллар орсон нь тогтоогдож байгаа гэдгийг хэлж байна. Тэд энэхүү мөнгөний эх сурвалжийг Оюутолгойн гэрээг үзэглэсэнтэй холбон тайлбарлаж байлаа. Учир нь 2009 оны 10 дугаар сарын 07-нд Оюутолгойн гэрээг үзэглэсэн байдаг. Тиймээс С.Баярцогтын оффшор дансын асуудлаар дээрх холбооноос 2015 оны 12 дугаар сард шаардлагатай бүх материалыг нотлох баримтын хамт гаргаж, олон улсын шүүхэд ханджээ. Улмаар Швейцарийн прокурорын байгууллагаас төлөөллөө явуулах хүсэлтийг тэдэнд ирүүлсний дагуу хуульч Ц.Туяацэцэгийг орчуулагчийн хамт явуулж оффшор данстай холбоотой хүсэлтийнхээ хариулт, баримт нотолгоог авсан аж.
2013 оны дөрөвдүгээр сарын 6-нд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерцумаас С.Баярцогт нь кредит банкинд 1 сая ам.доллартай, оффшор бүсэд компани байгуулсан тухай анх мэдээлсэн. Дараа нь С.Баярцогт мэдээлэл хийгээд үүнийгээ хүлээн зөвшөөрч 3 сая хүрэхгүй мөнгө дансанд нь байгаа тухай хэлсэн. Улмаар тухайн үед Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос эрүүгийн цагдаагийн газарт С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг нь харъяаллын дагуу АТГ-д шилжүүлжээ. Тус газраас 2013 оны зургадугаар сарын 17-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй гэсэн байна.Иймд тэд ийнхүү олон улсын шүүхэд хандсан гэлээ.
Ингээд энэ оны зургадугаар сард Швецарь улсын холбооны улсын шүүхээс С.Баярцогтод эрүүгийн хуулийн 305 дугаар зүйл буюу мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны хуульч Ц.Туяацэцэг "Бид Швейцарьт очоод Улсын яллагч, хуульч өмгөөллийнхөнтэй уулзаж “Цаашид энэ олон арван сая ам.долларыг яах вэ” гэх асуултыг тавьсан. “Үнэхээр энэ их мөнгө Монголын газар нутагт үйлдэгдэж, Швейцарийн банкинд хөдөлгөөнд орсон тохиолдолд Монголын төрд буцааж олгоно” гэсэн. Оффшор бүс бүр өөр өөрийн онцлогтой юм байна. “Panama” бол 60 хувиа аваад 40 хувиа буцаадаг. Швейцарийн банкны хувьд 100 хувь буцаан олгодог юм байна." гэсэн юм.
Ямартай ч энэ С.Баярцогт гэдэг хүний араас олон хүний үйлдэл илэрнэ гэж харж байгаагаа тэд илэрхийлсэн юм. Тэд зарим мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлж байлаа. Оффшорын эсрэг хууль УИХ-аар хэлэлцэгдэхээр болсон. Тэгвэл хуралд оролцогчид энэ хэргийг эцэс болтол оффшорын хуулийг хэлэлцэх ёсгүй гэдэг шаардлагыг УИХ-д хүргүүлж байгаа юм байна.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ