З.Нарантуяа: Нүүрсний үнэ өссөн цонх үеийг ашиглах хэрэгтэй
-Манай улс жилд 2-3тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татна гэж Сангийн сайд мэдэгдсэн. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж байна уу?
-Хөрөнгө оруулагчдыг татъя гэвэл оруулсан хөрөнгө өгөөжтэй, найдвартай бизнесийн үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хэдхэн хуульд хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаална гэсэн заалт оруулаад, эсвэл Ерөнхий сайдын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалдаг хэлтэс нэгж байгуулаад нэмэргүй. Сууриар нь засч, амласан зүйлээ хийдэг байх ёстой. Аль нам эрх барьснаас хамаарахгүйгээр хөрөнгө оруулагчидтай харилцах төрийн бодлого тогтвортой, гэрээ хэлэлцээрийн дагуу ажилладаг байх чухал. Зөвхөн гадаадын биш дотоодын хөрөнгө оруулагчдын цэвэр өрсөлдөх эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх юм бол урьсан уриагүй өөрсдөө хүрээд ирнэ. Уул уурхайн салбараас гаргадаг бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өнөөгийнх шиг ханштай байх бол энэ салбар руу ирэх жил бүгд хошуурна гэж бодохгүй байна. Гэхдээ судалгаагаар 2020 онд гэхэд үнэ өсөх хандлагатай байгааг хөрөнгө оруулагчид тооцоолж байгаа байх. Хамгийн гол нь бид гэрээний үүргээ ягштал биелүүлдэг байх соёлд төр засгаас эхлээд бүх шатандаа суралцах шаардлагатай.
-Оюутолгой компани зэсийн баяжмалаа тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Мөн гадагшаа гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хураамжийг нэмсэн нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Үүссэн нөхцөл байдлыг эерэг тал руу нь оруулахын тулд Засгийн газар хөрш орнуудтайгаа, ялангуяа Хятад улстай хэлэлцээрийн ширээнд сууж ойлголцох хэрэгтэй. Аливаа улс эдийн засгийн, улс төрийн харилцааны харилцан бие биедээ ашигтай, тааламжтай үед хөгжиж байдаг. Тиймээс хураамж нэмэх, бүтээгдэхүүнээ гаргахыг зогсоосон асуудлын шалтгааныг яаралтай олох ёстой. Бид эдийн засгийн нөхцөл байдлаа одоогийнхоос дордуулахгүй байя гэвэл хүрсэн төвшиндөө бүх гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлэх шаардлагатай. Ялангуяа нүүрсний үнэ өсч байгаа цонх үеийг ашиглаж гаргаж байгаа нүүрсээ үнэ хаялцуулж хурдан борлуулахад идэвхтэй шуурхай ажиллах нь чухал.
-Хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах асуудал тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо. Далай ламын айлчлалаас болж гадны хөрөнгө оруулалт хумигдлаа гэх шүүмжлэл байна?
-Эрх барьж байгаа улс төрийн хүчин олон зүйлийг томоор харж анхааралтай болгоомжтой хөдөлж байх ёстой. Хөрш орон, олон улсын зах зээл дээр гол үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагатай ямар түвшний гэрээ хэлэлцээр хийж байгаа билээ гэдэг эрэмбээ тавьж, улс төрийн нөхцөлд ямар үйлдлээр эдийн засгийн ашигтай нөхцөлийг олж авах вэ гэдэг тал дээр бодлоготой байхгүй бол Далай ламын айчлалаас болж эдийн засгийн том хэлэлцээрүүдээ зогсонги байдалд оруулж байна гэдэг бодлогогүй үйлдлийн үр дүн. Геополитик, хөрш орнуудынхаа харилцааг бодсон ч хэзээ хаана ямар үг хэлж, үйлдэл хийх вэ гэдгээ тунгаахгүй бол сөрөг үр дагавар нь эдийн засаг, иргэдийн амьдрал дээр бууж байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд орлогын нэмэлт эх үүсвэр хэрэгтэй. Мөн олон улсын валютын сантай яриа хэлэлцээрээ хурдан өрнүүлэхэд шуурхай ажилламаар байна.
-Засгийн газрын эдийн засгийг сэргээх хөтөлбөрт дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд хэр тусгагдсан бэ. Үр дүнг нь хэрхэн харж байна?
-Засгийн газар мөрийн хөтөлбөрөө батлахдаа ч эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлахдаа ч нэг зүйлийг ялгаж олж харж чадаагүй. Богино, дунд урт хугацаанд ямар үе шаттай бодлогын шийдлүүдийг хэрэгжүүлэх юм. Түүндээ хүрэхийн тулд ямар арга ажиллагаа явуулах талаар богино, дунд, урт хугацааны арга хэмжээнийхээ ялгааг гаргаж чадаагүй. ТиймээсЗасгийн газрын ирэх дөрвөн жил хийх мөрийн хөтөлбөрт орсон бүх зүйлүүд бараг автоматаар эдийн засгийг хямралаас гаргах хөтөлбөрт орлоо. Гэтэл өнөөдөр эдийн засгийг хямраагаад байгаа гол хэдэн зүйлс хөтөлбөрт тусгагдах ёстой. Хямралыг даван туулахад аль нь нэн чухал юм. Түүнийг ямар хөрөнгөөр хэн хариуцаж хийх юм гэдэг цомхон тодорхой хэдэн арга хэмжээг нарийн төлөвлөх ёстой байсан. Гол хүндрэл бол төсвийн тогтворгүй байдал. Орлогоо нэмэх зүйл дээр анхаарлаа хандуулах ёстой байтал тойруу замаар хандлаа. Аль нь онцгой хөтөлбөр, аль нь Засгийн газрын ирэх дөрвөн жилд хийх ажил гэдэг нь ялгагдахгүй байна. Бодлого арга хэмжээгээ ач холбогдлоор нь эрэмбэлж чадахгүй байгаа учраас миний хувьд мэргэжлийн бус Засгийн газар гэж шүүмжлэлтэй ханддаг. Хөтөлбөрт тусгагдсан зүйлүүдийг харахад 1.8 жилд хэрэгжиж дуусах нь битгий хэл энэ хугацаанд дөнгөж эхлэх олон зүйл байгаа.
-Олны анхаарлын төвд буй Хөгжлийн банкны талаар таны бодлыг сонсмоор байна?
-Хөгжлийн банкны шалгалтын дүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хөгжлийн банк гэдэг институцийнх нь хувьд Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар ач тус өгөв гэдэг талаас харвал шүүмжлэх хэрэггүй. Аль ч улс төсвийнхөө эх үүсвэрээр ирээдүйн хөгжлийн том төслүүд, хөгжлийг түргэтгэтгэх дэд бүтэц шугам сүлжээ зам харгуйгаа тавьдаггүй. Хөгжлийн банк бол арилжааны банкаас өөр институц. Хөгжлийн банкийг шалгахдаа арилжааны банкийг шалгадаг шалгуур хэмжүүрээр дүгнэсэн нь буруу. Гол зорилго нь ашиг хийхдээ биш. Мөн өөрийн эх үүсвэрээр алдагдлаа хааж байх ёстой гэвэл бүр худлаа. Нийгэм эдийн засгийн хөгжлийнтүргэтгэх том төсөл, мөнгөний урсгалыг олж авчрах утгаар нь үнэлэх юм бол Хөгжлийн банк 4.5 жилийн хугацаанд үүргээ амжилттай биелүүлсэн. Цоо шинэ байгууллагын хувьд үйл ажиллагаа явуулахад нь улс төрийн оролцоо, хууль тогтоомжийн хувьд саад болсон зүйл бий. Хөгжлийн банкнаас санхүүжсэн 2000 төслийн мөнгө гадагшаа гараагүй, Монголд үлдсэн. Төслийн эерэг үр дүн гарна. Үйл ажиллагааны жижиг алдаа дутагдлыг томруулах хэрэггүй. Цаашид анхаараад засч залруулаад явахад болно. Бүх бурууг тэнд ажиллаж байсан аппарат, залуу боловсон хүчинд үүрүүлээд байх юм бол энэ улсын төлөө хэн ажиллах юм бэ. Алдаа ололтыг нь зөв шүүлтүүрээр шалгаж эцэслэн шийдэж байж мэдээллийг өгөх хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ