Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Гадаад харилцааны яам болон Гаалийн ерөнхий газраас ажлын хэсэг оролцов.
Төсвийн байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төсөлд найруулгын засвар хийж зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулан анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баделхан, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны жишгээр аж ахуйн нэгжүүд нэн тааламжтай нөхцөлд хамрагдах бол барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг гаргах шаардлагатай эсэхэд товч, тодорхой хариулт өгөөч. Учир нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгжүүдэд гаалийн байцаагчийн зүгээс дарамт ирэх эрсдэлээс болгоомжилж байна гэж байлаа. Ажлын хэсгийнхэн, нэн тааламжтай нөхцөлд хамрагдах бол мэдүүлэгч нь барааны гарал үүслийг нотлох баримт бичиг шаардахгүй гэв.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баделхан нар хуулийн төслийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт тариф эдлэх гэдгийг үгийн сонголт оновчтой биш байна хэмээн саналаа хэлцгээж байлаа. Ингээд төслийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Нэн тааламжтай болон хөнгөлөлтөд хамрагдахын тулд мэдүүлэг гаргагч нь барааны гарал үүслийн нотлох баримт бичгийг гаалийн байгууллагад гаргаж өгнө” гэж өөрчлөх саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.
Эцсийн хэлэлцүүлэг хийсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ