"Шиньхуа" групп Тавантолгойд хөрөнгө оруулах саналаа илэрхийллээ

Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгөнөөдөр анхны уулзалтаа хийлээ. Уг ажлын хэсгийгЗасгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм. Ажлын хэсэг 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дэд даргаар БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн сайд Д.Ганбат нар ажиллана. Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх уг ажлын хэсэг өнөөдөр удирдамжийн хүрээнд Шиньхуа группийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Зам тээврийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар Монголын талыг төлөөлөн оролцож байгаа юм.

Тавантолгойн ордын олборлолт, борлуулалт, төмөр зам, цахилгаан станц, бүс нутгийн бүтээн байгуулалтын асуудлыг шийдэх талаар талууд ярилцаж байгаа аж. "Шиньхуа" группийн хувьд Тавантолгойн ордод хөрөнгө оруулах саналаа илэрхийлсэн нь өнөөдрийн уулзалтаар"гэрээ" дахин шинээр эхэлж байгааг илтгэж байна.

Уулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогц байдлаар шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого барьж буйгаа илэрхийлэв.

"Шиньхуа" группийн талаас группийн дарга Lu Bing, ерөнхий менежер Liu Xiang нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд тэд “Тавантолгойн төслийн тендерт бид хоёр ч удаа орж, мөн хоёр удаа ялсан. Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэлээ.

Ажлын хэсгийнхэн өнөөдөр Тавантолгойн төсөлд оролцох боломжтой үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл арваад компанийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, үндэсний олборлогч компаниуд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох, тэдэнд ямар нөөц боломж байгаа талаар тэдэнтэй санал солилцох юм.

Өмнөх Засгийн газрын үед Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах сонгон шалгаруулалтад "Шиньхуа" групп, "Энержи ресурс" компани, Японы "Сумитомо" корпорацитай хамтран консорциум бүрдүүлэн өрсөлдөж, ялалт байгуулсан. Гэвч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалж байсан УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг тус групптэй байгуулах гэрээг хойшлуулсан байдаг. Харин шинэ Засгийн газарт "Шиньхуа" групп Тавантолгойн ордод хөрөнгө оруулах сонирхлоо дахин илэрхийлсэн аж.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ