“Цалинтай ээж” хөтөлбөрийн санхүүжүүлтийг төсөвт суулгаагүй гэв
Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэр их хэмжээний мөнгө шаардлагатай юм бол?
-“Цалинтай ээж” хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг 2017 оны төсөвт суулгаагүй. Засгийн газраас хэд хэдэн хувилбараар эх үүсвэрийг нь боловсруулаад явж байна. Магадгүй 2017 оны төсөвт тодотгол хийхэд болох байх.
-Валютын ханш хяналтаас гарлаа. Энэ асуудлаар Монголбанктай ойлголцож чадахгүй байна уу. Засгийн газраас Монголбанкинд үүрэг өгсөн ч биелүүлэхгүй байгаа учраас Сангийн сайдад үүрэг өглөө гэж ойлгосон?
-Засгийн газар Монголбанкинд үүрэг өгдөг эрх байхгүй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Тиймээс Монголбанк, Засгийн газар хоёр харилцан уялдаж ажилладаг. Валютын ханш огцом нэмэгдэж байна. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглаж байгаа. Гол бэрхшээл бол Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой. Өнгөрсөн жил мөнгөний бодлого буруу явснаас 7 их наяд 954 орчим төгрөгийг хэвлэж зах зээл рүү гаргасан. Энэ мөнгө валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Эрэлтийг хангахын тулд Монголбанк валютын нөөцөө шавхсан. Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны нэгдүгээр улиралд багтаад буурах байх.
-Төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгөөр тооцсон байна. Манай улс хэзээнээс эхлээд төсвийн алдагдалтай баталдаг болчихсон бэ?
-Төсвийн алдагдал 2.5 их наядаар батлагдаж байна. Энэ жилдээ төсвийн хүрээний мэдэгдлээ 9.9 хувьтай. 2018 онд 7 хувь, 2019 онд 5.5 хувь. 2020 оноос төсвийг алдагдалгүй батлах зорилт тавин ажиллаж байна. Төсвийн алдагдлыг хэт огцом бууруулвал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд огцом нөлөөлдөг.
-Ирэх оны төсөвт ам.долларын ханшийг хэдэн төгрөгөөр оруулсан бэ?
-Засгийн газраас төсвийн төслийг боловсруулахдаа өргөн барих үе буюу есдүгээр сарын 30-ны ханшаар баримжаалсан. Харин батлагдахдаа тухайн үеийн ханшаар тооцож боловсруулсан. 2017 оны төсөвт ам.долларыг 2400 орчим төгрөгөөр баталсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ