Эдийн засгийн өсөлтийн ирэх оны төсөөлөл
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг гаргажээ. Уг төсөлд тусгагдсан мэдээллээс эдийн засгийн өсөлтийн ирэх оны төсөөллийг онцлон товч хүргэж байна.
Эдийн засгийн өсөлт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4 хувь болж саарч, ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 2.6 нэгж хувиар нэмэгдэн 10.4 хувь болж сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт уул уурхайн бус салбарт эерэг нөлөө үзүүлснээр эдийн засгийн өсөлт 2016 онд 0-1 хувь, 2017 онд 2-3 хувь байх төлөвтэй байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан (ОУВС) 2016 онд харгалзан 0.7 хувь, 0.4 хувь байхаар таамагласан бол 2017 оны хувьд 2.7 хувь, 2.5 хувь байхаар төсөөлөөд байна.
Монголбанк 2017 онд гадаад, дотоод хүчин зүйлсийн инфляци, эдийн засгийн өсөлт, төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөө, түүний ирээдүйн төлөвийг анхааралтай ажиглан инфляцийг зорилтот түвшинд байлган, санхүүгийн тогтвортой байдлыг хангах замаар дунд, урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлэх мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Үнийн тогтвортой байдал, улмаар санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад мөнгөний бодлогоос гадна төсвийн нэгдсэн зохистой бодлого, макро зохистой бодлогыг хослуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж Монголбанк үзжээ.
Эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогын үндсэн хоёр сонголт байгаа аж. Үүнд, ирэх жилүүдийн гадаад өрийн төлбөр болон төсвийн алдагдлыг гадаад бонд, арилжааны зээлээр санхүүжүүлэх, эсхүл ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагууд, бусад доноруудын хөнгөлөлттэй зээл, санхүүгийн туслалцааг авч төсвийн сахилга батыг хангаж, эдийн засгийг дунд хугацаанд тогтворжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх. Монголбанкны хувьд хоёр дахь хувилбарыг хүнд хэцүү ч зайлшгүй сонголт хэмээн үзсэн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ