Ипотекийн зээлийг шинэчилсэн журмаар олгож эхэллээ

Олон сар саатаж иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан орон сууцны ипотекийн зээлийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн үргэлжлүүлэн олгож эхэлсэн талаар Монголбанкнаас мэдээллээ.

Тодруулбал, Монголбанкнаас энэ зээлийн санхүүжилтэд зориулж 35.8 тэрбум төгрөгийг банкуудад шилжүүлжээ. Ирэх сард дахин 22 тэрбум төгрөг нийлүүлнэ.

Өмнөх зээлдэгчдийн сар бүрийн эргэн төлөлтөөс 20-25 тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ мөнгийг дараа дараагийн зээлийг санхүүжүүлэхэд зориулах аж. Гэхдээ энэ нь хангалттай хэмжээний санхүүжилт биш бөгөөд зээлийн шаардлага хангасан ч долдугаар сараас хойш зээлээ авч чадаагүй байгаа 6261 иргэний маш цөөнхийнх нь зээлийг л шийдэх боломжтой юм байна. Мөн зээлийг шинэчилсэн журмаар олгож байгаа бөгөөд зээл авахаар хүссэн иргэдийн бүрдүүлэх материал, олголтод онцын өөрчлөлт ороогүй аж.

Тухайлбал, Ипотекийн зээлийн санхүүжилтыг хэдий хэмжээний эргэн төлөлттэй байна, тэр чинээгээр санхүүжилт хийгдэх юм байна.

Арилжааны банкуудад төв банкнаас тухайн сардаа олгох зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг мэдэгдэнэ. Ингээд арилжааны банкууд өөрийн санхүүжилтээр зээлээ олгоод дараа нь Монголбанкнаас санхүүжилтээ авах байдлаар зохицуулах юм байна. Мөн зээл авч буй иргэн ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх шаардлагатай аж. Учир нь зарим иргэд нэр дээрээ хэд хэдэн ипотекийн зээл авсан тохиолдол багагүй бүртгэгдсэнтэй холбоотойгоор ийм өөрчлөлт хийжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ