Ногоон бизнесийг хөгжүүлэх "Greening biziness DNA" форум боллоо
БОАЖЯ,Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Ногоон бизнесийг хөгжүүлэх “GREENING BIZINESS DNA” форумийг өнөөдөр зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудад байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх санал санаачлагыг дэмжих зорилтыг тавин ажиллаж байгаа бизнесийн байгууллагууд уг форумд оролцов.
Байгаль орчны менежментийн систем, ISO, 14001 стандартыгбизнесийн байгууллагад нэвтрүүлснээр бий болох бизнесийн өгөөжийн талаар хувийн хэвшлийн төлөөлөгчид илтгэл тавьсан юм. Тухайлбал, “Гүнгэрваа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунболд байгальд ээлтэй, ногоон эдийн засгийн үзэл баримталсан үйл ажиллагаа явуулж буй талаараа танилцуулга хийсэн юм.
Тус компани “нэг бетон нэг мод” аварна гэсэн уриатайгаар байгальд ээлтэй цахилгаан дамжуулах агаарын шугам хийдэг байна. Цахилгаан дамжуулах шугамыг модоор биш бетоноор хийснээр жилд 18 сая модыг тайрч, огтолхоос хамгаалжээ. Мөн компанийн хамт олон өрөөнөөсөө гарах бүртээ цахилгаанаа унтрааж хэвшсэнээр жилдээ 300 мянга, хоол халаах зардлаа хэмнэснээр 200, явган замын хавтанг гаднаас худалдаж авалгүй зуурмагийн илүүдлээр хийсэн явган замын хавтангаа ашиглахад 5,500 мянга гээд өөрсдийн дадал зуршлаа өөрчилснөөр жилдээ 39 сая төгрөг хэмнэх болсноо хэлж байв.
Мөн энэ талаарх олон улсын туршлагыг Канадаас ирсэн доктор Линн танилцуулсан юм. БОАЖЯ-ны Ногоон хөгжил, стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтийг бий болгож, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх зорилт тавьсан. Энэ хүрээнд манай яам 2015 оноос Швейцарийн Засгийн газартай хамтран иргэд, олон нийт, бизнес эрхлэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Манай яамны зүгээс үйлдвэрлэл бизнесийг байгальд ээлтэй, ногоон хөгжил рүү шилжүүлэх бодлого, хууль тогтоомжийг боловсруулж батлуулахад анхаарахын зэрэгцээ амьдралд хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгт ногоон барилгыг бий болгох, ногоон худалдан авалтын эрхзүйн орчныг бүрдүүлэх, олон нийтэд ногоон хөгжлийн мэдлэг олгох, хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн төслүүдийг боловсруулж эхэлсэн ” гэв. Байгаль орчинд ээлтэй байх гол үзүүлэлт бол ISO 14001 олон улсын стандартыг нэвтрүүлэх явдал юм. Манай улсын хэмжээнд ISO 14001 олон улсын стандартыг 14 компани нэвтрүүлжээ. Ногоон бизнес рүү шилжсэнээр компаниуд хамгийн түрүүнд зардлаа хэмнэх юм. Тиймээс форумд оролцогчид өөрсдөөс шалтгаалах дадал зуршлаа өөрчилснөөр байгальд, эдийн засагт хэмнэлт хийх боломж асар их байгааг хэлж байлаа. Ногоон хөгжлийн бодлогын эхний стсратегийн зорилт нь “Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хэгжүүлэх” явдал юм. Үүнд иргэд олон нийт, хувийн хэвшил чухал үүрэгтэй гэдгийг форумд оролцогчид онцлов.
БОАЖЯ-наас үйлдвэрлэл, бизнесийг байгальд ээлтэй ногоон хөгжил рүү шилжүүлэх бодлого, хууль тогтоомж боловсруулж батлуулахын зэрэгцээ практик үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, ногоон барилгын үндсийг тавьж сургууль, цэцэрлэгийн жишиг ногоон барилгын зураг төсөл боловсруулж байгуулах, тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжиж, ногоон зээлийн сан, татварын хөнгөлөлт зэрэг эдийн засгийн хөшүүргийг бий болгох, ногоон хөгжлийн мэдлэг боловсрол олгох, хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн төслийн санал боловсруулж Уур амьсгалын ногоон санд хандах зэрэг ажлыг холбогдох яамд, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ