“Хөрөнгө оруулалт ба өрсөлдөх чадвар” сэдвээр ажлын хэсгийн уулзалт зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Европын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага хамтран өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Хөрөнгө оруулалт ба өрсөлдөх чадвар” сэдвээр ажлын хэсгийн уулзалт зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Европын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Европын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад сүүлийн нэг жил хагасын хугацаанд Монголын жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр судалгаа хийсэн. Судалгааны үндсэн тайлан гарлаа.
Ажлын хэсгийн уулзалтыг өнөөдөр зохион байгуулж хөрөнгө оруулалт ба өрсөлдөх чадварын талаар ярилцаж хэлэлцэх, мэргэжлийн хүмүүс илтгэл тавьж, мэдээлэл өгөх гэж байна.
Аль ч улсын хувьд жижиг, дунд бизнес эдийн засгийн нэг гол хөдөлгөгч хүч болж явдаг. Дийлэнх оронд нийт ажиллах хүчний 50-60 хувь нь жижиг, дунд бизнест ажилладаг, эдийн засгийн суурь нь болдог зүй тогтолцоотой.
Монгол Улсын хувьд жижиг, дунд бизнесийн эдийн засгийн орчинг сайжруулах тодорхой хуулиуд гарсан. Гэвч бодлогын зүгээс жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр зээл, татварын орчинг яаж сайжруулах, эдийн засгийн тааламжтой нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх тал дээр тодорхой бодлогын шийдлүүд шаардсан байдал үүсээд байна.
Олон улсын нийтлэг туршлагаас харахад шинээр байгуулагдсан жижиг, дунд бизнесийн 5 нэгж тутмаас нэг нь л эхний 3 жилдээ үлддэг. Үлдсэн 4 нь татан буугдах юм уу, дампуурч, эсвэл зохион байгуулалт нь өөрчлөгддөг гэсэн судалгаа бий. Жижиг, дунд бизнес өөрөө асар том өөрчлөлт, шинэтгэлийн эхний алхам болж явдаг.
Жишээ нь, Майкрософт компани 2-3 оюутан залуугийн эхлүүлсэн жижиг бизнесээс дэлхийн тэргүүлэх чиглэлийн компани болсон. Гүүгл гэхэд хэдэн залуу интернэтийн хайлтын компани байгуулаад өнөөдөр дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанийн нэг болоод явж байна. Өнгөрсөн зун Монголд Хятадын тэрбумтан Жак Ма ирсэн. Жирийн сургуулийн англи хэлний багш тэрээр жижиг компани байгуулаад тэр нь Хятадын тэргүүлэх компани болсон байх жишээтэй.
Энэ агуулгаараа жижиг бизнес нь тодорхой хэмжээний бодлогын дэмжлэг шаардсан үйл ажиллагаа юм гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
Тийм учраас Европын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас жижиг, дунд бизнесийн орчинг эрүүл болгох, түүний зээлийн хүртэмж, боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарал тавьж, Монгол Улсын эрх бүхий байгууллагууд, Засгийн газар, төрийн байгууллагуудтай хамтарч байгаа нь нэн чухал ач холбогдолтой, Монгол Улсад үзүүлж байгаа бодлогын чиглэлийн дэмжлэг юм.
Хамтын ажиллагааны цаашдаа үргэлжлэх ёстой сэдэв юм гэж хувьдаа боддог юм” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ