Монголбанкны ерөнхийлөгчид асуулга тавьлаа

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд асуулга тавьлаа.

Тэрээр "2016 оны 8 сард 2,200 төгрөгөд дөхөөд байсан ам.долларын ханш 2,275 төгрөг болж өслөө. Энэ нь Монголбанкнаас бодлогын хүүг 4.5 пунктээр өсгөж 15 хувь болгосон шийдвэр нь оновчгүй, тогтворгүй байсныг нотлож байна. Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшны өсөлтийг сааруулж чадаагүйгээр барахгүй зээлийн хүүг бүүруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд саад тотгор болж байна.

Монголбанкнаас валютын ханшийг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тогтвортой, үр дүнтэй арга хэмжээ нэн даруй авах шаардлагатай. Валютын орлого олдогоос бусад ААН, иргэдийг валютын хадгаламжтай байхыг хориглох, ББСБ, ХЗХ валютын зээл олгодгийг зогсоох гэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Төрийн алдаатай бодлогыг иргэд, ААН-үүдээрээ үүрүүлдэг явдлыг зогсоож, валютын зээлтэй иргэд, ААН-үүдийн зээлийг төгрөгөд шилжүүлэх шаардлагатай.

Улмаар нэмсэн байгаа бодлогын хүүг бууруулж, арилжааны зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авах шаардлагатай. "Гадны банк оруулбал үндэсний банкууд бид дампуурна" гэдэг гадныхантай нийлсэн хэдэн банкны ашиг орлого түүхэнд байгаагүйгээрээ нэмэгдсэн байгаа. Арилжааны банкуудын нийт ашиг 100 орчим тэрбум төгрөг байдаг байсан бол 2014-2015 онд 578 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Иймээс гадаадын банк оруулж үгсэн хуйвалдаж иргэд, ААН-үүдээ шулсан банкны салбарт өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн амнаас Bank of China нэр сонсогдох боллоо. Гадаадын арилжааны банк оруулах эсэх асуудал ярьж болох боловч төрийн мэдлийн банк оруулах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдгийг бид анхаарах ёстой." хэмээн байр сууриа илэрхийлэв.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ