Ц.Даваацэрэн: Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж андуу ойлгосон байх

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой цаг үеийн асуудлаар тус үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн Оросын талын төлөөлөгчдийн хамт мэдээлэл хийлээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дарга Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 2016 оны эхний есөн сарын байдлаар өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлж ажиллаж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуайн Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт оруулах ёстой татвар бага байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэнтэй холбогдуулан хариулт нэхэх болсон.

Оны эхний найман сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр улсын төсөвт 60 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 130 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн.

Орон нутагтаа бид найман төрлийн татвар төлдөг. Оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа. Улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг. Үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлчихсөн байсан. Улсын төсөвтэй холбоотой ямар нэг саатал гаргаагүй, улсын төсвөөсөө харин ч авлагатай явж ирсэн. Энэ онд 20 тэрбумыг төлөөд байгааг Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж андуу ойлгосон байх.

Энэ мэдээллээс болж “Эрдэнэт” үйлдвэр дампуурч байгаа тухай яригдах боллоо. Өнөөдөр үйлдвэрлэл хэвийн, татвар төлөлтөө цаг хугацаанд нь төлж, ажилчдынхаа цалинг цагтаа тавьж байгаа.

Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байхад битгий улстөржүүлээч ээ гэж хүсмээр байна” гэлээ. Мөн 49 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн ч гэсэн үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэдгийг энэ үеэр дурдсан юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ