Төрийн өмчийн компаниудыг хувьчилж, ачаагаа хөнгөлнө
Ирэх жилийн төсвийн алдагдал 2.5 их наяд, энэ жилийнх дөрвөн их наяд гаруй төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Тиймээс ирэх оны төсөв дээр хэд хэдэн зардлыг танахаар болсон. Ингэхдээ төрийн байгууллагуудын зардлыг танах асуудалд нэлээд анхаарчээ.
Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Үүнд зарим төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлого барьжээ. Ер нь ТӨК-иудын 70 хувь нь алдагдалтай ажилладаг гэж байгаа юм. Одоогоор Оргил рашаан сувилал, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг ААН-үүдийг хувьчлах нь зүйтэй гэж Засгийн газраас үзсэн байна. Ашиггүй ажиллаж байгаа ААН-үүдийг ийм байдлаар хувьчлах, менежментийг нь сайжруулах арга замуудыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзжээ.
Одоогоор ашиггүй ажиллаж байгаа 70 орчим ААН байгаа гэнэ.Иймээс тэдгээрийг хувьчилж, төр ачаагаа хөнгөлөх ёстой гэсэн саналыг зарим эдийн засагчид гаргадаг байна. Улсаас байнга татаас авдаг, том оффист сууж, зардал ихтэй үйл ажиллагаа явуулж байдаг гэсэн олон нийтийн шүүмжлэлийн дагуу гаргасан жагсаалтад дээрх ААН-үүд багтаад байна.
Засгийн газар зарим аж ахуйн нэгжүүдээ ийнхүү хувьд шилжүүлж, олсон орлогоо төсөвтөө нэмэрлэхээр шийджээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ