С.Баянцогт: Шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авна

Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ны Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баянцогтоос товч тодруулга авлаа.

-Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-уудын төлөв байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргасан байна. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй өнөөдрийн нөхцөл байдалд ББСБ-ууд хэрхэн ажиллаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 509 ББСБ манай Хорооноос авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 18 хувиар нэмэгдсэн тоо. Компаниуд зах зээлд олноор бий болж, өрсөлдөөн нэмэгдэн, зээлийн хүү буурах ёстой гэж бид тооцдог. Гэтэл харамсалтай нь ББСБ-уудын тоо олширсон хэдий ч үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдээгүй, зээлийн хүү буураагүй байна. Эдийн засгийн идэвхжил буурч, бизнесийн үйл ажиллагаанууд олон салбарт доголдсоноос болж иргэдийн орлого багасан, банк бус санхүүгийн зах зээл дээр зээл олголт ихээхэн саарсан дүнтэй байна. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар зээл олголт ердөө 13.7 хувиар өссөн нь 2015 оны мөн үеийнхээс 20.3 пунктээр буурсан үзүүлэлт болж байна. Дээр нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ он гарснаас хойш зургадугаар сарын дуусталх хугацаанд 19.7 хувьд хүрлээ. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлын байдалтай харьцуулбал хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 31.9 хувь, чанаргүй зээлийн үлдэгдэл 72.9 хувиар өссөн байна.

-ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ оны эцэс гэхэд нэмэгдэж, шинэчлэгдсэн байх ёстой. Энэ шаардлага хэр хангагдаж байна?

-Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх дүрмийн сангийн хэмжээг Санхүүгийн золхицуулах хороо тогтоодог. Хороо энэ оны гуравдугаар сарын 11-ны 72 дугаар тогтоолоороо хөрөнгө, удирдлагын үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нийслэлийн төвийн дүүргүүдэд 2.0 тэрбум төгрөг, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Дархан-Уул, Орхон аймагт 500 сая төгрөг, бусад аймгийн төвүүдэд 100 сая төгрөг, хөдөөгийн сумдад 50 сая төгрөг, зээл, санхүүжилтийн үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ-уудынх нийслэлийн төвийн дүүргүүдэд 800 сая төгрөг, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Дархан-Уул, Орхон аймагт 200 сая төгрөг, бусад аймгийн төвүүдэд 50 сая төгрөг, хөдөөгийн сумдад 20 сая төгрөг байхаар тогтоосон. Мөн гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг хавсран эрхэлдэг ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нийслэлд 200 сая төгрөг бусад бүсэд 100 сая төгрөг, зөвхөн гадаад валютын арилжаа эрхэлдэг ББСБ-ынх нийслэлд 100 сая төгрөг, бусад бүсэд 50 сая төгрөг байхаар заасан. Харамсалтай нь Хувь нийлүүлсэн хөрөнгөө тогтоосон хэмжээнд хүргэн нэмэгдүүлж чадах ББСБ тун цөөн байна. Өнөөдрийн байдлаар энэ үүргээ бүрэн биелүүлж чадаагүй 230 орчимББСБ байна. Нийт ББСБ-уудын бараг хагас нь гэсэн үг.

-Үйл ажиллагааны үзүүлэлт нь хууль, журмын шаардлага хангахгүй байгаа ББСБ-уудыг яах вэ? Ер нь банк бус санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх талаар Хороо ямар бодлого баримталж байна вэ?

-Энэ зах зээл дээрх эрсдэлийг бууруулж, үйл ажиллагаа, үзүүлэлтийг сайжруулах үүднээс цаашид тооноос илүү чанарын асуудлыг авч үзэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Бид шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг улам нарийвчлах, өндөрсгөх арга хэмжээ авч байна.Үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэх талаарх зайны болон газар дээрх хяналт шалгалтын чанар, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч эхлээд байна. Санхүүгийн тайлангийн зарим мэдээг улиралд биш, сар бүр авдаг болж байгаа. Гэхдээ шахалт шаардлага, хяналт шалгалтаа чангалаад, дарамт учруулаад байна гэсэн үг бас биш. Хорооноос батлан мөрдүүлж байгаа журам, заавар болон холбогдох хууль, тогтоомжоор тавигддаг дэг сахилга, тоо хэмжээ, давтамж, цаг хугацааг ягштал баримталж ажиллаж байгаа ББСБ-уудаа алхам алхамаар хяналт шалгалтыг бууруулах, зөөлрүүлэх зэргээр дэмжиж ажиллана. Харин шаардлага биелүүлэхгүй, шалгуур үзүүлэлт хангахгүй байгаа ББСБ-уудад хуулийн дагуу сануулж анхааруулах, торгохоос гадна шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ