Б.Бямбасайхан бизнесийн загварыг төгөлдөршүүлсэн

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тэрээр дэд бүтэц, эрчим хүчний хөрөнгө оруулалтын хувийн бизнес болон дотоод гадаадын 260 гаруй хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн цаашдын үйл ажиллагааг дэмжин ажиллах болсон тухайгаа мэдэгдэв.

2015 оны 2 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш Бямбасайхан нь Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт хийх зорилгоор охин болон харьяа компаниудын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг эхлүүлсэн юм.

Бямбасайхан нь “Оюу Толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчид хооронд үүссэн урт хугацааны маргааныг эцэслэж, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв. Тодруулбал, Оюутолгойн гүний уурхайн 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтыг олон улсын нэр хүнд бүхий 20 банк, санхүүгийн байгууллагуудаас авах ажлыг хариуцан ажилласан юм. Уг төслийн санхүүжилтээр дамжуулж Монгол Улсыг зорьж буй хөрөнгө оруулагчдын итгэл сэргэснээс гадна “Эрдэнэс Монгол” компани нь олон улсын хөрөнгө оруулагчид, зээлдэгчид, бизнесийн хамтрагч талуудтай сайн түншлэлийг эхлүүллээ.

Тэрээр Темасек холдинг, Женерал Электрик, Рио Тинто зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компаниудын стратеги, үйл ажиллагааны загваруудад суурилсан “Эрдэнэс Монгол” компанийн бизнесийн загварыг төгөлдөршүүлэхэд зайлшгүй шаардлагатай стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэв.

Стратегийн шинэчлэлийн хөтөлбөр нь Монгол Улсын иргэн бүрт Засгийн газрын эзэмшлийн компаниудаас нэгдсэн ашиг хүртээх боломжийг бүрдүүлэх, боломжит төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, мэргэжлийн болон бизнесийн чадавхийг бий болгох зэрэг чухал ач холбогдолтой. Уг хөтөлбөрийн үр дүнд уул уурхайн бизнесийг хамгийн бага зардлаар удирдаж, дэд бүтэц, эрчим хүчний шинэ бизнесийг бий болгох юм.

Бямбасайхан нь өөрийн компаниудын үнэ цэнийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, ажилчдын бүтээмж, орлогыг нэмэгдүүлэх, өндөр чадвартай дэлхийд өрсөлдөхүйц монгол мэргэжилтэнг бэлтгэх суурийг тавив. Тодруулбал, олон улсын техник, санхүү, менежментийн стандартыг авч хэрэгжүүлэх, нэгдэл компанийн удирдлагын цогц системийг бий болгох зорилгоор Азийн хөгжлийн банк (АХБ)-тай техникийн туслалцааны зээлийн гэрээг байгуулж, төслийг хариуцан ажиллаж байв.

Түүнчлэн дэлхийн “4 том” аудитын компаниудын нэг Эрнст Янг компаниар нэгдэл компанийн хэмжээнд аудит хийлгэж, олон улсын санхүүгийн тайлагналын стандартыг нэвтрүүллээ. Төрийн эзэмшлийн компанийн үйл ажиллагаанд бизнесийн ёс зүй, компанийн засаглалын ил тод зарчмыг цаашид баримтлан ажиллах зорилгоор Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-аар “Компанийн засаглалын үнэлгээ”-г хийлгэв. Мөн олон улсын хэмжээнд “Эрдэнэс Монгол” компанийн зээлжих зэрэглэлийг тогтоолгох, “хөрөнгө оруулалтын төвшний” зээлжих зэрэглэлтэй болох чиглэлд бэлтгэл ажлуудыг хариуцаж байлаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ