Нэг тонн улаанбуудайг 560 мянган төгрөгөөр авна

Дархан-Уул аймгийн Залуучууд театрт "Намрын ургац хураалтын үйл явц, тулгарч буй тулгамдсан асуудал" сэдвээр салбар яамны сайд, газар хэлтсийн дарга нар нийт тариаланчидтай уулзалт зөвлөгөөнийг хийсэн юм. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангаас эх орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан сайн чанарын улаанбуудайг 1 тонныг нь 560 мянган төгрөгөөр худалдан авахаа илэрхийлэв.

Энэ жил ургац арвин байгаа учир улаанбуудайны нийт хэрэгцээгээ дотоосоо хангах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тариаланчид буудай тариалах өртөг, үнэ тоног төхөөрөмж газар зүйн байрлалаас хамааран 320-480 мянган төгрөг болж байхад гурилын үйлдвэрүүд ХХААХҮЯаманд улаанбуудай авахаар ирүүлсэн үнийн санал нь 315-440 мянган төгрөг байгаа аж.

Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас сайн чанарын улаан буудайг 560 төгрөгөөр үнэлж авахаар тогтсон. Харин 2,3,4-р зэргийн улаан буудайг чанараас нь хамаарч 540, 520 гэх мэт үнээр авна гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед 100 хувь мөнгийг нь олгох боломжгүй эхлээд 40 хувь, дараа нь 30, 30 хувиар хувааж олгох юм байна.

Ийнхүү эх орны хөрсөнд тариалсан улаан буудайны нэг тонны өртөг 483.5 мянган төгрөг болж байна. Бид эх орныхоо хөрсөнд тариалсан эрүүл сайн чанарын улаанбуудайгаа нэг тонныг нь 560 мянган төгрөгөөр худалдан авна хэмээн мэдэгдсэн энэхүү шийдвэрийг тариаланчид маш их баяртай хүлээн авчээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ