Буйдхан газарт шингээх буянаасаа хайрлаач

Хөрсөө сэндийчиж суварга босгох, модоо боомилж хадаг ороох, сав, шилээр дүүрэн архи, сүү цацах, тахилгын үеэр их хэмжээний идээ шүүс бэлтгэж, хог хаягдал үмхий самхай дүүргэх гээд манай зан үйл орчин үед хэрээс хэтэрч, туйлшралын туйлд хүрч буй нь хэн хүний нүднээ илхэн.
Эд бүгд эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд үйлдэж ирсэн эртний өв уламжлал гэдэгтэй маргахгүй. Гэхдээ аливаа бүхэнд хэмжээ хязгаар бий. Хэтрүүлээд буян бус бузар болж байх вий гэж сэжиглэж байгаагаа нуух юун. Энэ бол тухайн хүний сүсэг бишрэлийн асуудал учраас өөрт нь буян болж буйг ч үгүйсгэхгүй, хүлцэл өчье.
Бид хямрал яриад нэлээд хугацааг үдэж байна. Улам л доройтож байгаа. Гэвч зарим хүмүүст энэ нь огт мэдрэгдэхгүйгээр үл барам харин ч хөрөнгө мөнгөө хайр найргүй цацаж байгаа нь нэг талаар атаархмаар, нөгөөтэйгүүр харамсмаар.
Жилээс жилд хүн амынхаа өсөлтийг гүйцэхээ байсан манай улсад нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал бол бидний ирээдүй. Тодруулж өгвөл, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ.
Энэ бүгдийн эцэст юу гэх гээд байна вэ гэвэл, хүүхдэд зориулсан үйл хэрэг, бүтээн байгуулалт хийх болохоор мөнгөгүйгээ гайхацгаадаг зарим хүмүүс хөдөө гараад буяны үйл нэрээр будаа цагаа булсан тэр их чамин нандин хийцтэй, нөр их хөрөнгө, хөдөлмөр орсон суварга, бурхдыг босгохдоо бусдаас илүүрхэн гайхуулдаг. Суварга нь хэн хүний хүссэнээр босгодог хямдхан өртөгтэй зүйл биш. Овоо тахих зан үйл ч хэлтийж бусдаас дутуугүй идээ шүүс, бусад үнэ цэнэтэй эдзүйлс бэлдэх бас нэгэн өрсөлдөөний талбар болсон гэхэд хилсдэхгүй. Тахилга өндөрлөхөд тэр хавиар дүүрэн идэш, ууш, хог хаягдал. Тэр бүгд байгальд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгаа гэж бодохоор буян үйлдээд байна уу, бузар шингээгээд байна уу гэдэгт эргэлзмээр. Үүнд суварга, шүтээн, зан үйлүүдийг бизнес болгож буй хэсэг бүлэг хүмүүс ч нөлөөлдгийг дурдалгүй өнгөрч болохгүй. Бусдын сүсгээр буян нэрээр бизнес хийгчдийг ч цэгцлэх цаг болсон.
Ингэж бөөн бөөн мөнгийг хөдөө хээр үртэй, үргүйг нь мэдэхгүй, хий туйлшралаар цацаж орхиж байхаар ирээдүйдээ яагаад бодит хөрөнгө оруулалтаар буян болж болохгүй гэж. Өнөөдөр концессоор гээд өч төчнөөн сургууль, цэцэрлэгийг барьж байгуулснаа, бариулах гэж байгаагаа ярьж байна. Эмнэлгийн асуудал бүр ч хүнд.
Айлаас эрэхээр авдраа уудла гэж эртний онч мэргэн үг бий. Аливаа юм бүхнийг хийх гэж өр зээл тавьж байхаар зарим нэг боломж гарцыг дотроосоо эрэлхийлж, хэрэгжүүлж болмоор. Жишээ нь, монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд хөрөнгө нь тэмдэглэгддэг, баячуудын жагсаалтад багтдаг хүмүүс манайд цөөнгүй бий. Тэдний хөрөнгө энд тэндэхийн банкуудын дөрвөлжин хайрцгуудыг дүүргээд л цагийгэлээгээд хэвтэж байгаа. Гаднаас өндөр хүүтэй мөнгө зээлж байхаар эндээсээ боломжоор нь зээлье л дээ. Ядаж л мөнгөний урсгал дотооддоо үлдэх маш таатай боломж биш гэж үү. Гол усаа хүртэл эх оронч хэмээн омогшин, талархдаг монголчуудад эх оронч хүмүүсийн итгэл, сэтгэл, үг, үйлдэл яг л энэ цаг үед үгүйлэгдэж байна.
Санаа зөв явбал бид бүгдийг заяа түших нь лавтай. Үнэлэшгүй тансаг байгальтай, өвчин зовлонгүй иргэнтэй, үр хойчис нь боловсролтой байвал бидний монголын хөгжил гэрэлтэй замаар урагшилна.
Тиймээс ядаж эртнээс уламжилсан зан үйлээ зөв голдиролоор нь гүйцэтгэж, байгальд ээлтэй, бурууд халтай, бусармагт шүүмжлэлтэй хандах нь зөв. Эс бөгөөс үртэй, үргүйг нь мэдэхгүй байж бусдыг даган дуурайж, элдэв туйлшралд авталгүй, хэрэгтэй үйлд нь сэтгэлээ зориулбал тэр таны буян болно. Ер нь бидэнд нүүрлээд байгаа энэ их бэрхшээл, таагүй зүйлүүд зан үйлийн буруу үйлээс болоод байгаа юм биш биз.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ