Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхантай уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нар уул уурхай, эрчим хүчний салбарынхныг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг саяхан батлууллаа. Уул уурхай, эрчим хүч бол Монголын голлох салбар. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт олон салбарын арга хэмжээг тусгасан. Энэ дөрвөн жилд хугацаанд нийт 26 их наяд төгрөгийн ажил арга хэмжээ явуулах судалгаа бий.Үүнээс 12 их наяд төгрөгийн арга хэмжээ нь зөвхөн энэ хоёр салбарт хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, нийт хэрэгжих арга хэмжээний 50 хувь нь уул уурхай, эрчим хүчний салбартай холбоотой гэсэн үг. Уулзалтаас үр дүн гарах нь чухал. Яриад өнгөрөх биш ямар үр дүн, санал санаачилга гарав гэдгийг дүгнэдэг байх хэрэгтэй” гэлээ.
Үүний дараа уулзалтад оролцогчид өөрсдийн санал бодлоо солилцов. Тухайлбал,
"МАК” компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир:-Улс орны эдийн засаг хүнд байгаа. Тиймээс Засгийн газар аж үйлдвэрийг эрчимжүүлж, экспортыг дэмжих талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.Уул уурхай, аж үйлдвэр, нүүрсний салбарын бэрхшээлийг хэрхэн давах, эрх зүйн орчныг яаж сайжруулах, бидний өмнө ямар гох дэгээ байна вэ гэдэгт саналаа нэгтгэж сайд болон дэд сайд нарт хүргүүлсэн. Энэ саналыг Ерөнхий сайдад хүргүүлж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн: -Уул уурхай улстөржилтөд өртсөн салбар. Урт нэртэй хуулийн хүрээнд уул уурхайн олон компанийг хэлмэгдүүлж, цөөнгүй уурхайчдыг ажилгүй болгосон. Тэдний хамгаалалтад байсан газрыг хамгаалалтгүй болгож, нинжа нарт найр тавьсан. Дараа нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталж, энэ салбарт ажилладаг олонхүний эрх ашгийг зөрчсөн. Өнөөдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд ойлгомжгүй заалт бий.Энэ хуулийн ерөнхий санаа нь Монгол Улс геологи хайгуулаар ямар нөөцтэй, хаана, юу байгаагаа мэддэг баймаар байна гэж байгаа юм. Төр хөрөнгөөрөө хайгуул хийж, үүгээрээ хаана, ямар нөөц байгааг мэдэж аваад шийдвэрээ гаргах ёстой. Хуулийнхаа санааг гаргаж харах ёстой. Ашигт малтмалын газар хэрэгжүүлэгч агентлагийн шийдвэр орон нутагт очоод унадаг. Дунд нь аж ахуйн нэгжүүд хохирдог. Хөдөлгөөнийхөн, улс төрийн популизм хийж байгаа хүмүүс ард түмний өмчийг уул уурхайн компаниуд сүйтгэж байна гэсэн ойлголтыг тарааж байна. Сум болгонд хөдөлгөөн бий болж, уул уурхайн компани руу дайрчдавшилж байна. Ашигт малтмалын тухай хуульд ч өмчийн харилцааны асуудлыг тодорхой тусгаж өгөөгүй. Үндсэн хуульд“Газрын хөрсөн дор байгаа баялаг ард түмний өмч. Түүнийг захиран зарцуулах эрх төрийн мэдэлд байна” гэсэн байдаг. Гэтэл хэзээ компанийн өмч болох вэ гэдэг нь ойлгомжгүй. Бүх зүйлд л ард түмний өмч нэрээр халхавчилж, уул уурхайн компани руу дайрдаг. Дээр нь нөөц ашигласны төлбөрийг тодорхой тайлбарламаар байна. Энэ төлбөрийг төлсний дараа компанийн өмч болох ёстой. Энэ харьцааг хуульд тусгаагүйгээс популизм хийж байгаа хүмүүсийн олз болж байна.
ШУТИС-ийн профессор Д.Дондов: -Ашигт малтмалын тухай хуульд нэг алдаа бий.Тэр нь Гадаадын ч дотоодын ч бай хайгуул хийвэл зөвшөөрнө гэсэн заалт. Үүнийг эргэж хармаар байна. Үүнээс гарц шийдэл хайгаад Стратегийн ач холбогдолтой ордын 34 хувийг төр эзэмшихээр болсон. Энэ бол эерэг алхам. Гэхдээ оруулсан хөрөнгийн 34 хувийг Монгол Улс эзэмшинэ гэсэн ноцтой үг байгаа юм.Ерөнхийдөө бүх зүйл чинийх гээд хэлчихсэн. Нөгөөтэйгүүр Тавантолгойн олборлолтын өртөг өндөр байна. Багануур, Шивээ-Овоо хүнд нөхцөлтэйбайж нэг тонн нүүрсийг 23-25 мянган төгрөгөөр гаргаж байгаа.Гэтэл Тавантолгой нэг тонн нүүрсийг 50 мянган төгрөгөөр гаргаж байна. Багануураас “Шивээ Овоо”-гоос дээгүүр нөхцөлтэй мөртлөө нэг дахин өндөр өртөгтэй гаргаж байна.
Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбооны УЗ-ийн гишүүн Ү.Арслаа: Эрчим хүчний салбарынханд итгэж болох хамт олон. 1994 онд хүнд нөхцөлд байхад Засгийн газрын сахилга батын дүрмээр энэ салбарыг хүндрэл багатай давсан. Тиймээс мэргэжлийнхнээс асуугаач гэж хэлмээр байна. Олон ч Засгийн газрын үед ийм станц тийм станц хувьчлахгүй гэдэг.Одоо үүнийгээ тодорхой болгооч. Эрчим хүчний салбар бол онцгой салбар. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ 2004 хувьчилсан. Би анхны захирлаар ажиллаж байсан. Одоо боломжийн ажиллаж байгаа. Хувьчлах бол хувьчилсан шиг, үгүй бол үгүй гэдгээ тодорхой болгож өгөх хэрэгтэй.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхны уулзалтыг хааж үг хэллээ. Үүнд,
-Концессийн гэрээний дагуу хийж байгаа ажил арга хэмжээнд анхаарлаа хандуулахыг уулзалтад оролцогчид сануулж байна. Үр ашигтай байгаа төслийг концессоор хийлгэх нь эдийн засагт хэрэгтэй. Концессийн үр ашгийн тооцоог буруу хийснээс, концесс явахгүй байгаа тохиолдол ч бий.
-Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх 68 төсөл арга хэмжээ байгаа. Энэ төсөл арга хэмжээг бүгдийг нь хэрэгжүүлбэл Монголын эрчим хүчний хэрэглээг 20 дахин нугалсантай тэнцэх юм. Миний зүгээс сайд нарт энэ дөрвөн жилд салбартаа 3-4 том үйлдвэр байгуулах санал оруулж ир” гэдэг чиглэл өгсөн.Эдийн засгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 5-6 яам байна. Энэ яамд Монголд таван үйлдвэр байгуулахад хангалттай. Тэгэхгүй 50-60 төсөл яриад явахаар салбар ийм хүнд байдалд орж байгаа юм. Түүний оронд бодитой ганц төсөлбариад хэрэгжүүлэх гээд явсан нь дээр
-V цахилгаанстанцын тухайд бүх эрсдлийг нь төр үүрэх зүйл заалт бүхий гэрээтэй. Үүнийг өөрчлөхгүй бол концессийн гэрээ байгуулж, барих шаардлагагүй. Ж.Эрдэнэбат гэдэг хүн өнөөдөр ажил хийсэн нэр зүүх гээд төслийг эхлүүлж болно. Гэхдээ эцсийн дүндээ улс орныхоо ирээдүйг бодож, шийдвэр гаргах ёстой.
-Эгийн голын усан цахилгаан станцын ажил үйлчилгээ эхэлсэн. Энэ болашигтай төсөл. Мэдээж саад, тотгор байгаа нь үнэн. Тиймээс холбогдох яамд бэрхшээлийг шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Нүүрсний борлуулалт нэг цонхны бодлогоор явах ёстой гэсэн санал хэлж байна. Лондонгийн биржийн үнээр явах уу, Хятадын боомтын үнээс доош оруулахгүйгээр худалдах уу эсвэл нүүрс олборлогчид нэг компани болоод түүгээрээ дамжуулж борлуулалт хийдэг байх уу гэдэгт шийдэл олох шаардлага бий. Түүнээс биш нүүрс олборлож байгаа таван компани таван өөр зүйл яриад байж таарахгүй. Худалдан авагч тавуулантай нь уулзаж байгаад хамгийн хямдыг нь сонгож байна. Эндээс Монголчууд хожихгүй. Монголын нүүрсийг хамгийн хямд худалдаж авах боломжийг бид өөрсдөө олгоод байна.
-Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа эхлэх гэхээр орон нутгийнжирийн малчнаас эхлээд сум, аймгийн Засаг дарга хүртлээ эсэргүүцдэг. Сум болгонд төрийн бус байгууллага бий. Тэнд тамга барьж, хавтас сугавчилсан хүн уул уурхайн компанийг дарамталдаг. Гэхдээ энэ бас хоёр талтай.Зарим компаниуд хариуцлагагүй ажиллаж байна. Хариуцлагагүйн уул уурхайн тод жишээг бид Орхон голоос харж байна.
-Салбарынхны уулзалтыг жил бүр хийж байна. Өмнө нь хэд хэдэн салбарынхантай уулзсан. Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй нь хөдөө аж, ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбар байсан. Хамгийн гол нь хурал, зөвлөгөөн хийгээд өнгөрөхдөө биш үр дүнг нь ярьж байх нь чухал.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ