Ж.Эрдэнэбат: Бизнес эрхлэгчид, Засгийн газрын эрх ашиг нэг шугамд байх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮХАҮТ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүд болон нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан татварын орчин, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, даван туулах арга замын талаар санал бодлоо солилцлоо.

“Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж УИХ-ын чуулганаар батлуулахдаа салбар бүрийн саналыг тусгахыг хичээсэн. Цаашид аливаа нэг шийдвэр гаргахын өмнө тухайн салбартаа мэргэшсэн хүмүүс, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагын төлөөлөлтэй ярилцаж байх болно. Бизнес эрхлэгчид, Засгийн газрын үйл ажиллагаа харилцан уялдаатай, эрх ашиг нь ч нэг шугамд байх ёстой. Иймээс ойрын үед хамтарсан Ажлын хэсэг байгуулна” гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлэв.

Дараа нь МҮХАҮТ-ын Удирдах Зөвлөлийн гишүүд болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, цаашид авч болох арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал “Номин холдинг” компанийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан НӨАТ-ын тухай хуулийг бүх аж ахуйн нэгжид жигд хэрэгжүүлэх, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалыг уян хатан болгох, Бизнесийн зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулах зэргийг санал болгов.

Жилийн 25 хувийн хүүтэй зээл өгч байгаа банкны салбарт өрсөлдөөн бий болгох цаг болсон, нэгдсэн нэг хүүтэй байхад ч болохгүй зүйлгүй гэж уулзалтад оролцогсдын зарим нь үзэж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулагчдад, дунд зэргийнх нь банк, банк, бус санхүүгийн байгууллагад, ажилчид нь ломбарданд өртэй. Өндөр хүүтэй зээлийн эргэн төлөлтөөс болж цалингаа тавьж чадахгүйд хүрсэн нэгэн байгаа тухай ч учирлалаа.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт оруулж босгыг нь өндөрсгөхийг “Жүр үр” компанийн Удирдлага, хүний нөөцийн газрын захирал Б.Мөнхзул хүслээ. Одоогийн хуулиар жижиг, дунд үйлдвэрлэгч нь жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой, 50-иас цөөн ажилтантай байх ёстой. Хэдийгээр томд тооцогддоггүй ч энэ босгыг давсан учир тус компанижижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэсэн ангилалд хамаардаггүй. Үүнээс шалтгаалж ямар нэгэн төсөл, хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй гэнэ.

Үйлдвэржилтийн бодлого гэхээр шинээр үйлдвэр барих бус, харин өсч дэвжих гэж зүтгэж байгаа аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжих, 25 хувийн татвартайгаар холбоотойгоор олон охин компани бий болж байгааг анхаарах, монгол хүний оюун ухаанд түшиглэсэн технологийн багтаамжтай эдийн засгийн дархлаа бий болгох зэрэг санал гарлаа.

МҮХАҮТбаялаг бүтээгч, татвар төлөгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх болон мөнгөний бодлого, макро эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах долоон зүйл 55 заалт бүхий саналаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүлээлгэн өглөө.

Дараагийн удаа болох уулзалтад аж ахуйн нэгжүүдээс гадна “Нарантуул” захад худалдаа хийгчид, жижиг бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулж санал, бодлыг сонсох нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ