Ж.Мөнхбат: МАН татвар нэмэх асуудлыг эгүүлэн татлаа
Засгийн газраас найман төрлийн татварыг нэмэгдүүлэх төслийг төсвийн тодотголд тусгасан. Тэгвэл МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дээрх татварын нэмэгдлийн төслийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, Засгийн газар уг төслөө татахаар болжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Татвар нэмэх санал нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс бид бүлгээрээ хэлэлцээд дээрх улс төрийн шийдвэрийг гаргаж байна. Гэхдээ Монгол улс төсвийн хатуу сахилга баттай байх шаардлагатай.Төсвийн тодотголоор дамжуулж хэд, хэдэн татварын зүйл заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө, архи тамхи, алттай холбоотой татвар нэмэх асуудал оруулж ирээд байсан. Эцэст нь бүх төрлийн татварыг нэмэхгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа. Төвсийн тодотголыг Засгийн газар өргөн барьсан цагаас нийгэмд нэлээд сөрөг ойлголт явагдсан. Тухайлбал 2,5 саяас дээш цалинтай хүнд татвар ноогдуулах заалт оруулж ирсэн. Энэ нь 2,5 сая хүртэлх цалинтай хүн татвар төлөхгүй. Түүнээс дээш цалинтай хүнээс татвар авах тухай асуудал юм. Ажил хөдөлмөр эрхэлж, цалин авч байгаа хүмүүсийн 1,6 хувь нь 2,5 саяас дээш цалин авдаг. Мөн 150 ам.метр орон сууцтай иргэдээс татвар авахгүй, түүнээс дээш ам.метр орон сууц эзэмшдэгиргэдээс татвар авах тухай асуудал байсан. Ер нь өнгөрсөн дөрвөн жил төсвийн сахилга бат алдагдсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Улс орон нэг л төсөвтэй байдаг. Гэтэл манайд парламент нь төсвөө хянадаг хуулийн хэм хэмжээ алдагдсан. Үүнээс болж улсын хэмжээнд дөрөв таван төсөвтэй явдаг болсон. Ийм байдлаас болж төсвийн алдагдал 4 их наяд төгрөг болж түүхэнд байгаагүй хэмжээгээр тасарлаа. Иймд төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зарлага хумих зүйлсийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл шүүгч, төрийн өндөр, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг бууруулах тухай бүлэг дээр ярьж байгаад цалин хасахгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Ингээд цалин хасах, татвар нэмэх асуудал МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрээр буцаагдаж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ