Татвар нэмэх МАН-ын зүтгэл
Аливаа баяр ёслол болон тэмдэглэлт өдрийг тохиолдуулан эрх баригчид өөрсдийн далд санаагаа гүйцэлдүүлж, чоно борооноор гэгчээр хэрэгтэй хуулиа батладаг гэмтэй. Өнөөгийн эрх баригчид ч энэ дагуу татвар нэмэгдүүлэх санаархлаа хүн бүр хүүхдээ гэсэн хичээлийн шинэ жил эхэлж буй өдрөөр гүйцэлдүүлэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээллээр хичээлийн шинэ жилийн нээлтийг далимдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар намын бүлгээ хайрцаглаж, ээлжит бус чуулганаар татварыг нэмэгдүүлэх хуулийг батлуулахаар зүтгэж эхэлжээ. Тиймээс өнөөдөр 10:00 цагт бүлгээ хуралдуулж, гишүүдээ үүрэгдэхээр болсон гэнэ. Ингэх болсон шалтгаан нь ч ойлгомжтой. Төсвийн байнгын хороо энэ асуудлыг авч хэлэлцээд эдийн засгийн хямралтай энэ үед татвар нэмэх цаг нь биш хэмээн асуудалд хандсан юм. Тиймээс л олны анхаарал сарнисан үед зориуд олонхоороо хүчлэн асуудлыг шийдэхээр болсон байна.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн он шилжих мөчид төсвийн алдагдал 5.1 их наяд төгрөгт хүрнэ гэж эртнээс айлгаж эхэлсэн юм. Энэ нь бодит тооцоолол байж болох ч алдагдлыг бууруулахын тулд иргэд, аж ахуйн нэгжээ цөлмөх бодлогыг илүүд үзжээ. Тиймээс л 2.5 сая төгрөгөөс дээш цалинтайиргэдээсээ 25 хувийн татвар авна, амьжиргааг нь ганц залгуулж буй приус машинаас нь, машиных нь тоног төхөөрөмжөөс, архи, тамхинаас гээд байж болох бүх татварыг нэмэгдүүлэхээр улайрсан аж.
Цалингүй, орлогогүй болгоод зогсохгүй татварыг нь нэмэгдүүлэх дарангуйллын бодлогыг эрх баригчид нууцаар батлахаар санаархаж байна. Хэрэв татвар нэмэгдвэл аж ахуйн нэгжүүд бүгд өөрсдийнхөө зардлыг багасгана. Ингэснээр хэрэглээ хумигдана гэсэн үг. Хэрэглээ хумигдвал өнөө маргаашаа аргацаан буй компаниуд үүд хаалгаа барихад хүрнэ. Тэд үүд хаалгаа барьвал хэдэн мянгаар тооцогдох хүн ажилгүй, орлогогүй болно. Энэ бол татварын дарамтаас үзүүлэх эдийн засгийн шууд нөлөө. Хэдийгээр татвар нэмэгдүүлбэл төсвийн алдагдал буурах мэт харагдавч цаанаа эдийн засгаа эргэж сэхэхгүй болтол нь сөхрүүлнэ гэдгийг би ч биш, эдийн засагчид хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ