Хуурамч мөнгөн дэвсгэртээс болгоомжил
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан БНХАУ-ыг зорих иргэдийн тоо эрс ихсэж байна. Ингэхдээ иргэд валют арилжааны газруудаас БНХАУ-ын хуурамч мөнгөн тэмдэгт, ялангуяа 100 юанийн дэвсгэртийг авч яваад хятадад очсон хойноо мэдэгдэж шалгагдах тохиолдлууд гарч байгааг албаныхан анхааруулж байна. Тиймээс валютыг баталгаатай газраас болон сайтар шалгаж худалдан авах шаардлагатай байна.
Их хэмжээний мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх үед 100 юань, 100 доллар, 10000, 20 мянгатын хуурамч мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулахыг завдсан үйлдэл гарах нь элбэг болжээ. Тухайлбал, 1999, 2005 онд үйлдвэрлэгдсэн 100 юаний дэвсгэртүүд их хэмжээгээр хуурамчаар үйлдвэрлэгдэж гадаадын улс орнуудаар тархаж дэлхий дахинаа асуудал болоод байгаа аж. Эдгээр хуурамч дэвсгэртүүд манай улсад ч орж ирсэн байна. Тэгэхээр үүнийг яаж таньж болох вэ гэвэл:
-2005 оны дэвсгэртийг цаасан дээр үрэхэд будаг гарна. Харин хуурамч нь будаг гарахгүй.
-Дэвсгэртийн нүүрэн талын 100 гэсэн тоо нь ногоон өнгөөр гялалзана. Үүний харах өнцгийн байршлыг солихоор өнгөний хувирал явагдаж бор саарал өнгөтэй болно. 1999 оных мөн ингэж хувирна.
Харин хуурамч нь өнгөний хувиралгүй, ногоон хэвээрээ байна. Мөн 1999 оных адил.
-Тусгай гэрэлтүүлэг /худалдаанд зарагддаг/ тусгахад нууцлал бүхий 100 гэсэн тоо нь шаргалтаж харагдана. 1999 оных мөн адил.
Харин хуурамч дэвсгэртэд ийм тоо гарч ирэхгүй.
-Жинхэнэ мөнгөн дэвсгэртийн цаас нь зузаан, барзгар, нухахад шажигнасан дуу гарна. Харин хуурамч нь нимгэн, гөлгөр, шохойтой цаас шиг, нухахад дуугаралт нь харьцангуй тасалдсан дуутай.
-Мөнгөн дэвсгэрт дээрх хүний зургийн үс, бичгийг илж үзэхэд жинхэнэ нь барзгар мэдрэгдэх бол хуурамч нь ямар ч товгор мэдрэгдэхгүй.
50 юаний дэвсгэрт мөн хуурамчаар үйлдэгдсэн бөгөөд дээрх шинжүүд адил илэрнэ.
Эцэст нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс сонор, сэрэмжтэй байхыг ард иргэддээ анхааруулж байна. Мөн ийм мөнгөн тэмдэг илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг сануулж байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ