Оюутолгойн борлуулалтын орлого 22 хувиар буурчээ
- Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн сайн гүйцэтгэл
- 126 сая ам.долларын татвар, хураамж
- 136 сая ам.долларын үндэсний худалдан авалт
“Оюу толгой” компани 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болсон хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өчигдөр танилцуулж, Тойм мэдээгээ шинэчлэн гаргалаа.
Онцлох үзүүлэлтүүд:
- 2016 оны эхний зургаан сард “Оюу толгой” компани аюулгүй ажиллагааны амжилтаа бататгаж, 200,000 цагт ногдох гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.13 болж буурлаа.
- 2016 оны 6 дугаар сард Жэкобс Инженеринг Групптэй гүний уурхайн бүтээн байгуулалтын инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн гэрээ байгуулсан.
- 2, 5 дугаар босоо амны нэвтрэлт, гүний уурхайн бүтээн байгуулалт, барилга угсралт, засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх гэрээт компаниуд уурхайн талбар руу хүн хүч, материал техникээ зөөвөрлөх ажил үргэлжилж байна.
- 2 дугаар улиралд 329.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон нь өмнөх улирлаас 22 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь алтны борлуулалт багассантай голчлон холбоотой.
- 2016 оны 2 дугаар улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105,000 орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй дүйцэж байв.
- Зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга тус тус буурч, 6 дугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой.
- Тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувь буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас мөн шалтгаалав.
- Энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй байлаа.
- 2016 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.
2 дугаар улирлын Тойм мэдээ
“Оюу толгой” компани 2016 оны эхний хагаст 126 сая ам.долларын татвар, хураамж төлж, үндэсний худалдан авалтад 136 сая ам.доллар, үүнээс 35 сая ам.долларыг Өмнөговь аймгаас бараа, үйлчилгээ худалдан авахад зарцууллаа.
2 дугаар улиралд тус компани боловсрол, сургалтын хөтөлбөрүүдэд ойролцоогоор 49,000 ам.доллар, тогтвортой хөгжил, дэд бүтцийн төслүүдэд 5.9 сая ам.доллар зарцуулаад байна.
2015 онд Өмнөговь дахь түншлэгч талуудтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу “Оюу толгой” компани Өмнөговьд дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлж байна. Үүнд, Ханбогд сумын усан хангамжийн байгууламж, Баян-Овоо сумын эрүүл мэндийн төв, Манлай сумын спорт цогцолбор зэрэг багтана. Эдгээр төслүүд нь тус компанийн Монгол Улс, Өмнөговь аймгийн урт хугацааны тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийн нэгээхэн хэсэг бөгөөд аймаг, орон нутагтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нэг чухал чиглэл юм.
Гүний уурхайн бүтээн байгуулалт
2016 оны 6 дугаар сард Жэкобс Инженеринг Групптэй гүний уурхайн бүтээн байгуулалтын инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн гэрээ байгуулсан. 2, 5 дугаар босоо амны нэвтрэлт, гүний уурхайн бүтээн байгуулалт, барилга угсралт, засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх гэрээт компаниуд уурхайн талбар руу хүн хүч, материал техникээ зөөвөрлөх ажил үргэлжилж байна. Уурхайн талбар дахь дэд бүтцийн захиргааг байгуулж, төслийн ажиллах хүчийг байршуулах ажил үргэлжилнэ. 2016 оны 7 дугаар сард “Тийсс”, “Хишиг арвин” компанийн түншлэлтэй гэрээ байгуулж, үйлчилгээний болон туузан дамжуулгын хонгилын ажил гүйцэтгүүлэхээр болсон.
Үйл ажиллагааны цаашдын төлөв
2016 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.
“Оюу толгой”-н санхүүгийн гол үзүүлэлтүүд (“Туркойз Хилл” компаниас нийтэд мэдээлснээр)*
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ