Ням гаригт шилдэг харваачид товх харвана
Монголын үндэсний сурын харвааг хөгжүүлэх зорилготой нэгэн холбоо одоогоос таван жилийн өмнө байгуулагдаж байсан билээ.Энэ холбооны нэр нь “Есүнхэн мэргэн” гэх бөгөөд удирдах зөвлөлдөө есөн гишүүнтэй юм байна. Тэд хэдхэн хоногийн өмнө хурлаараа улсын мэргэн В.Сумьяасүхийг холбооныхоо ерөнхийлөгчөөр сонгосон бол тэргүүнээр Б.Ёндон, дэд тэргүүнээр Д.Эрдэнэзуу, нарийн бичгээр Б.Батмөнх нар сонгогдсон аж. Тус холбооныхон “Есүнхэн мэргэн” сурын анхдугаар наадмаа энэ ням гаригт үндэсний сурын талбайн шар зурхайд эхлүүлэх гэнэ. Амралтын өдөр болох энэхүү харваанд шигшмэл 128 харваач цэц мэргэнээ сорино. Тэд 75 метрийн зайнаас үндэсний сурын харвааны нум саадгаар товх харвах бөгөөд тэмцээний аваргыг бөхчилсөн дүрмээр тодруулна. Сонирхуулахад тэмцээний нийт шагналын сан нь долоон сая төгрөг байх гэнэ. Энэхүү уламжлалт харвааны анхдугаар улсын аваргын тэмцээн Их Монгол улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяраар Эрдэнэт хотноо болж байжээ. Харин отгон харваа нь өнгөрсөн баяр наадамтай зэрэгцэж байсан билээ. Энэ жилийн тэмцээн наадмын өмнө болж байгаа нь сурчдын бэлтгэл сургуулилтад сайнаар нөлөөлнө хэмээн холбооныхон дүгнэж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ