Ази Европын бизнесийн XV чуулга уулзалт өндөрлөлөө

Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт өчигдөр Төрийн ордоны их танхимд нээлтээ хийсэн билээ.

Энэхүү чуулганаар:

  • Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх
  • Ази-Европын хамтын ажиллагаа
  • Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэх
  • Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил гэсэн үндсэн дөрвөн сэдвээр бизнес эрхлэгчид хэлэлцсэн юм.

Ази Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалтын эхний хуралдаанаар “Ази-европын уялдаа холбоо, оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуралдааны үеэр технологийн шийдэл ялангуяа интернэт хэрэглээ иргэдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байгааг хэлэлцсэн. Шилэн кабелийн сацуу агаарын бөмбөлөг ашиглан интернэтийн хүрээг хурдацтай тэлэх болсон билээ. Манай улсын хувьд харилцаа холбооны сайн инженерүүд олон байдаг тул хөгжиж буй орнуудаас интернэт хэрэглээний өргөн цар хүрээ, хямд үнээр тэргүүлдэг юм байна.

Хоёр дахь салбар хуралдааны сэдэв “Ази-Европын уялдаа холбоо” байв. Энэ хуралдаанаар дэд бүтцийн холбоо, хувь хүний шилжилт хөдөлгөөн, худалдааны урамшуулал, мэдээлэл солилцох, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах зэрэг өргөн сэдвээр оролцогчид ярилцлаа.

Харин өнөөдөр тус чуулга уулзалт хоёр дахь өдрөө “Жижиг дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх” гэсэн гурав дахь сэдвээр эхэлсэн. Эдийн засгийн интеграци, үйлдвэрлэлийн сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын сэлбэг хэрэгслийн худалдаа, түгээлтийн сүлжээ, ажиллах хүчний шилжилт, дотоодын үйлдвэр болон үндэстэн дамнасан корпорацийн харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуудлаар ярилцлаа. Хуралд оролцогчид “Монголын төр аж үйлдвэрийн салбарт гар дүрэх хэрэггүй. Засгийн газар хувийн хэвшлийнхний ажил, бизнестнь оролцож эхэлбэл жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил хөгжил рүү бус өөр зүг рүү чиглэнэ” гэдгийг онцолж байв. Ийнхүү тэд төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, хүүгүй болон хүү багатай зээл, үйлдвэрлэлээ хөгжүүлэх техник, тоног төхөөрөмжийн импортыг татвараас чөлөөлөх нь хамгийн зөв гарц гэдэгт санал нэгдлээ. Мөн өрх, хороо, баг, сум, аймаг, дүүрэг бүрт жижиг дунд үйлдвэрлэгч байх биш тэднийг нэгтгэж хэрэглэгчээ дээдэлсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг үйлдвэрлэгчдэд өгөв. Түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчид үндэстний давуу талаа харуулсан, тодорхойлсон бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо гэлтгүй гадаадын зах зээлд нийлүүлнэ гэсэн том зорилт тавьж ажиллах ёстой гэдгийг дурдсан юм. Ингээд гурав дахь салбар хуралдаан өндөрлөсөн юм.

Дараа нь чуулга уулзалтын дөрөвдүгээр салбар хуралдаан “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” сэдвийн дор үргэлжлэв. Монгол Улсад шаардлагатай нийт эрчим хүчний 20 хувийг хангах салхины нөөц бий гэсэн үнэлгээг хувийн хэвшлийнхэн хийжээ. Одоо энэ салхины нөөцөөр хэрхэн эрчим хүч үйдвэрлэх вэ, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ гэдгийг тодорхойлох нь чухал гэдгийг онцолсон. Энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хувийн компаниуд ногоон хөгжлийг хөгжүүлэхэд жилд 1.5-1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байгаа юм. Хуралдааны илтгэгч, даргалагч нар НҮБ-ын түвшинд тогтвортой ногоон хөгжлийн асуудлыг ямар зохицуулалт хийж, хэрхэн боловсруулах ёстой вэ гэдгийг хэлэлцэж, тодорхой болгох хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хийснээр хуралдаан өндөрлөв.

Ийнхүү "Ази Европын бизнесийн чуулга уулзалт"-ын хаалтын хуралдаанаар "Ази Европын бизнесийн чуулга уулзалт"-аар хэлэлцсэн дөрвөн салбар хуралдааны дүгнэлтийг хурал даргалагч нар танилцууллаа.

Чуулганаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн "Чуулга уулзалтын зөвлөмж" болгон төлөөлөгчдөөр батлуулж, "АСЕМ-ын дээд түвшний уулзалт"-д хүргүүлж, тус уулзалтаас гарах бичиг баримтад тусгана.

Хаалтын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клауд Юнкер нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн Бизнесийн 15 дугаар чуулга уулзалтын хаалтад дэлгэрэнгүй үг хэлсэн бөгөөд тэрээр Ази, Европын Бизнесийн төлөөлөлд баяр хүргэж, хоёр тивийн бизнесийн харилцаа өргөжих сайхан боломж олдож байгаад талархал илэрхийлсэн юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ