АСЕМ: Олон улсын бизнесийнхний зөвлөгөөг нэг дор сонсох боломж

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг дагалдсан хурлын хамгийн сүүлийнх нь болох Ази, Европын бизнесийн чуулга уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордны их Танхимд хуралдаж эхэллээ. Ази, Европын бизнесийн салбарын тэргүүлэгчид хоёр тивийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашиг сонирхлыг хөндсөн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх уг уулзалтад одоогоор 43 орны 700 төлөөлөгч, гадаад, дотоодын бизнес эрхлэгчид оролцож байна.

Энэ удаагийн бизнесийнхний уулзалтыг Монголын бизнесмэнүүдэд хөрөнгө оруулалт татах томоохон боломж олгоно хэмээн албаныхан үзэж байна.

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү энэ талаар “Хүнд болон хөнгөн үйлдвэрүүд дэлхийд гарахад ямар асуудал байна вэ. Төр засаг ямар байдлаар дэмжих вэ гэдгийг олон улсын туршлагатай байгууллагуудтай хамтран хэлэлцэнэ гэдэг нь том боломж. Мөн олон улсын бизнесийнхний зөвлөгөөг нэг дор сонсох боломж ирнэ. Уулзъя гээд ч очих боломжгүй, аварга хөрөнгө оруулагчид нэг дор цугларна. Ийм үед Монголын бизнес эрхлэгчид өөрсдийнхөө бизнесийг таниулж, хөрөнгө оруулалт татах таатай боломж гэж харж байна” гэж тодотгосон. Үүнээс гадна олон улсын хөрөнгө оруулагчид Монголд ирсэн энэ үед л бизнесийнхэн бараа бүтээгдэхүүнээ үнэгүй сурталчлах боломж олдож буйг ч тодотгосон юм.

ЧУУЛГА УУЛЗАЛТ ДАРААХ ҮНДСЭН 4 СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛНЭ

  • Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх
  • Ази-Европын хамтын ажиллагаа
  • Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэх
  • Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил

Оролцоотой эдийн засгийн хөгжүүлэх салбар хуралдааны хүрээнд Монгол шиг жижиг улс орнууд дэлхийн бүс нутгийн эдийн засгийн интеграцилал, том улс орнуудын эдийн засгийн нэгдэл, холбоо зэргээс хэрхэн таатай нөхцөлүүдийг эдлэх, харилцан ашигтай хөгжих талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн түүнчлэн, үндэстэн дамнасан корпорациудын нийгмийн хариуцлага, эдийн засгийн өсөлт, орлогын тэгш хуваарилалт зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэж байгаа юм.

Ази-Европын уялдаа холбоо салбар хуралдааны хүрээнд дэд бүтцийн тээвэр ложистикийн уялдаа холбоо, эдийн засгийн коридор, худалдаа, шилжилт хөдөлгөөн, мэдээлэл солилцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх салбар хуралдаанаар эдийн засгийн интеграц, үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээ, бүс нутгийн хэмжээ дэх үйлдвэрлэл хоорондын тоног төхөөрөмжийн худалдаа, түгээлтийн сүлжээ, ажиллах хүчний шилжилт, дотоодын үйлдвэр болон үндэстэн дамнасан корпорацийн харилцаа, ЖДҮ дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх боломж ба бэрхшээл зэрэг асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил салбар хуралдаанаар хөрөнгө оруулалтыг дэмжих, компанийн засаглал, санхүү, нээлттэй засаглал, хариуцлагатай бизнес эрхлэлт болон ногоон технологид хөрөнгө оруулах, сэргээгдэх эрчим хүч зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Чуулга уулзалтын зохион байгуулалтын ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ажиллаж байна. Мөн МҮХАҮТ, “Монголын эдийн засгийн форум” ТББ, “Монголын ажил олгогчдын эздийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ