323 ширхэг хувьцаагаа яаж зарах вэ?
Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг буюу 323 ширхэгийг нь Засгийн газар худалдаж авах шийдвэрийг гаргаад буй. Энэхүү шийдвэр нь маргаашнаас хэрэгжиж эхлэх бөгөөд хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийн материалыг арилжааны банкуудад авах юм байна. Тодруулбал, иргэд өөрт ойрхон арилжааны банкинд иргэний цахим үнэмлэх, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс авч бөглөж, гарын үсэг зурсан маягтыг авч очно. Материалаа бүрдүүлж өгснөөс долоо хоногийн дараа тухайн иргэний дансанд мөнгө нь шилжиж орох бөгөөд ингэхдээ 300 мянган төгрөгийг 100 мянгаар нь салгаж оруулах юм байна.
Хэрэв мэргэжлийн брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгээгүй бол та 1072 хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй.Тиймээс 5000 төгрөг, иргэний үнэмлэх, аль нэг банкинд буй өөрийн дансны дугаартайгаа өөрт ойр байгаа брокер дилерийн компанид очиж дансаа нээлгэж баталгаажуулах боломжтой.
Хувьцааг худалдан авах ажил байнга үргэлжлэх тул иргэд банкинд дараалал үүсгэх шаардлагагүй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг Монгол Улсын хоёр сая 858 мянган иргэнд эзэмшүүлснээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4.8 тэрбум төгрөг, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөг, давхардсан тоогоор нэг сая 216 мянга 734 иргэнд 464.8 тэрбум төгрөгийн хувьцааг олгожээ. Өөрөөр хэлбэл, 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлсөн оюутнууд одоо хувьцаагүй болсон гэсэн үг. Харин нэг жилийн л төлбөрөө төлсөн бол 536 ширхэг хувьцаатай байгаа. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан 615 мянган иргэн 1063 ширхэг хувьцаатай. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадуудад олгосон нэг сая төгрөгийн хувь хишгийг хүртсэн бол мөн хувьцаагүй болжээ.
Тиймээс одоо хувьцаагаа худалдах боломжтой 1 сая 650 мянган иргэн байгаа бөгөөд 322 ширхэгээс дээш хувьцаатай иргэн энэ удаад 30 хувиа Засгийн газарт худалдаж болох юм. Энэ нь албадлагын үйл ажиллагаа биш ба иргэд өөрсдөө хүсвэл хэрэгжих асуудал гэдгийг сануулъя.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ