УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэвлэлийн хурал хийв
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газартай зөвшилцөөд санал авахаар хүргүүллээ хэмээн сэтгүүлчдэд мэдээлэв.
Өмнө нь УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ, Г.Баярсайхан нарын хамт Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлсэн нь батлагдсан гэж хэлсэн. Энэ хуулиар 1990-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжийг олгосон юм. Ингэснээр энэ арга хэмжээнд 592 мянган иргэн хамрагдаж, үүнээс 89.7 мянга нь малчин иргэд байсан билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн санаачилсан хуулийн төсөл батлагдвал 2001-2016 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа 260 мянга орчим малчин иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх арга хэмжээнд хамрагдаж, ирээдүйд тэтгэвэр авах боломжтой болох ажээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, 2001-2016 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа малчин иргэд нь нийт малчдын 90 орчим хувийг эзэлж байгааг тэмдэглээд дээрх хүмүүс төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийнхээ 50 хувийг өөрсдөө төлөхөөр төсөлд тусгасныг онцолсон юм. Малчин иргэд нийгмийн даатгалын шимтгэлийнхээ 50 хувийг ноосны урамшууллаасаа төлөх бол үлдсэн 50 хувийг төр хариуцахаар заажээ. Малчдын орлого тогтмол бус улирлын чанартай байдгийг харгалзан нийгмийн даатгалын шимтгэлээ ноосны урамшууллаасаа төлөх зохицуулалтыг тусгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ