Аварга тодрох цаг дөхөж байна
NBA-гийн Дорнод конференцийн аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт 91:77-гийн харьцаагаар талбайн эзэд болох Индиана Пейсерсийн ялалтаар өндөрлөлөө. Плэйоффын хамгийн сонирхолтой, хэний ч таамаглаж байгаагүй ширүүн өрсөлдөөнтэй цуврал хэмээгдэж буй Индиана Пейсерс, Майами Хитийн энэ удаагийн тоглолт сүүлийн хагас дахь талбайн эздийн довтолгооны оновчтой хувилбар, Майамигийн лидерүүдийн бүтэлгүйтлээр дээр дурдсан онооны харьцаатай өндөрлөж байна.
Индиана Пейсерсээс онооны лидер Пол Жорж 28 оноо авч багийнхнаа тэргүүлсэн бол Рой Хибберт 24 оноо, 11 самбараас бөмбөг авалт, Жорж Хилл 16 оноо, зургаан оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн амжилтаар багийнхаа хожилд томоохон нэмэр оруулав.
Харин Майами Хитийн талаас Леброн Жеймс 29 оноо, долоон самбараас бөмбөг авалт, зургаан оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ч бусад нөлөө бүхий тоглогчдын оролцоо тун ч хангалтгүй болсны улмаас хожигдол хүлээлээ. Дуйэн Уэйд, Марио Чалмерс нар тус бүр 10 оноо авсан бол, Бош 31 минутын турш талбайд байж ердөө тавхан оноо авсан юм. Дашрамд дурдахад Дуйэн Уэйдийн бэртэл бүрэн илааршаагүй байгаа нь тоглолтын хувь заяанд ихээр нөлөөлж байна.
Ингэснээр Индианагийн залуус цувралыг эцэст нь тултал өрсөлдөөнөөр дүүргэхээр болж ирэх мягмар гаригийн өглөө /Улаанбаатарын цагаар/ шийдвэрлэх долоо дахь тоглолт Майами Хитийн талбай дээр болно. Энэ тоглолтод хоёр багийн аль нь ч хожиж мэднэ. Учир нь хоёр баг аль аль нь өрсөлдөгчөө талбай дээр нь хожоод байгаа билээ.
Тиймээс эзэн, зочид хэн байх нь ялгаагүй, аль илүү оновчтой, ухаалаг тоглолт гаргасан нь конференцийн аваргаар тодорч, улмаар Өрнөдөөс хялбархан тодорч гарсан Сан-Антонио Спэрстэй NBA-гийн энэ улирлын аваргын төлөө тоглох юм.
Индиана Пейсерс, Майами Хитийн аль нь ч хожсон статистик, түүх сөхөж үзвэл Сан-Антонио ялах нь гарцаагүй мэт боловч NBA-гийн экспертүүдийн ихэнх нь Дорнодын баг аваргална хэмээн таамаглаад байгаа. Аварга тодрох цаг дөхөж байна.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ