Монгол Улс хүүхдийн эсрэг бүх шийтгэлийг хориглосон 49 дэх орон боллоо
Монгол улс хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг бүх орчинд хуулиараа хориглож чадсан дэлхийн 49 дэх, Ази тивийн 3 дах, Зүүн болон Зүүн Өмнөд Азийн анхны орон боллоо.
Үндэслэл: 2016 оны 2-р сарын 5-ны өдөр батлагдсан, мөн оны 9-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн дараах заалтууд ийнхүү бүх орчинд хүүхдийн эсрэг шийтгэлийг хориглосон юм.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1."Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй."
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.6. "Хүүхэд, өсвөр насны хүнийг халамжлах, эмчлэх, удирдан чиглүүлэх, тэдэнд боловсрол олгох үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, бусад хүн тэднийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодийн болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно."
Мөн хуулийн 5.4."Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ" гэсэн заалтуудыг оруулснаараа хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг бүх орчинд хориглож чадсан юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ