АНУ-ын санхүүжилттэй сургалт хүний наймаатай тэмцэхэд тус болж байна
Хүний наймааны гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааг сайжруулах зорилго бүхий АНУ-ын санхүүжилттэй хоёр удаагийн сургалтад Монгол улсын хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид энэ оны 3 дугаар сарын 14-нээс 17-ны хооронд оролцлоо. АНУ-ын Варнат Групп болон монголын иргэний нийгмийн байгууллага болох Иргэдэд зориулсан Хүний Эрхийн Төвийнмэргэжилтнүүд Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр дээрх сургалтыг зохион байгуулав. АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Коллийн Кренвэлгэ сургалт тус бүрийг дүгнэнүг хэллээ.
Дөрвөн өдрийн сургалтанд оролцогчид хүний наймааны талаарх ойлголтоо бэхжүүлж, хохирогчийг тогтоох, тэдэнтэй хамтран ажиллах, хүний наймааны хэрэг үүсгэн шалгаж,шүүхээр шийдвэрлүүлэх талаарх мэдлэг чадвараа сайжрууллаа. Сургалтанд цагдаа, прокурор, эрүүгийн шүүхийн шүүгчид болон Хууль сахиулахын Их сургуулийн хүний наймааны хэргийг судалдаг багш нар хамрагдсан байна. Сургагч багшаар Варнат Группийн хууль эрх зүйн ахлах зөвлөх, АНУ-ын Хууль зүйн яамны холбооны прокурор асан Шейла Берман, ӨАБНУ-аас ирсэн хүний эрх болон хууль сахиулахын мэргэжилтэн Пиетэр Кронье нар ажиллав. Үндэсний мэргэжилтэн С. Дондов нь Иргэдэд зориулсан Хүний эрхийн төвийн дарга бөгөөд 2012 оны Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байжээ. Хууль зүйн яам сургалтыг зохион байгуулах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж Үндэсний хууль зүйн Институтын байранд сургалтыг явуулахад туслалцаа үзүүлэв.
АНУ-ын Засгийн газар нь дэлхийн өнцөг буланд хүний наймаатай тэмцэх, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод туслалцаа дэмжлэг үзүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг бөгөөд энэхүү хүний наймааны эсрэг сургалтыг Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх албанаас санхүүжүүлжээ. Варнат Групп нь хүний наймаатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, тулгарч буй саад бэрхшээлийг үр бүтээлтэй, зүй зохистой шийдвэрлэх талаар дэлхийн улс гүрнүүдэд зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг мэргэжлийн байгуулага юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ