Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа 2017 оны наймдугаар сард дуусна
Гурван сар орчмын хугацаанд яригдаж буй Шадар сайдын асуудал өнөөдөр ч олны анхаарлыг татсаар байна. Засгийн газраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжтой эсэхээр мэдээлэл авахаар АТГ-руу албан бичиг илгээсэн.
Үүний хариуг ч АТГ-аас Засгийн газарт хүргүүлж, “Н.Энхбаярыг Шадар сайд болгох боломжгүй, түүний ялын хугацаа дуусаагүй, зарим хэрэгт шалгагдаж байгаа” гэх хариуг өгөөд байгаа билээ.
Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудал яригдаж эхлэх үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж мэдээлэл хийж, намын даргаа “Өршөөлийн хуульд хамрагдаж, ялгүй болсон” хэмээж байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн хүний эрх хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй” болохыг тайлбарлаад байгаа. Тэгвэл энэ асуудлын хүрээнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Н.Энхбаярын ялтай байх хугацаа дууссан, дуусаагүй гэх асуудал яригдаад байна. Үүнд тоймтой хариу өгнө үү?
-Бид холбогдох хууль хяналтын байгууллагаас энэ асуудлаар лавлагаа авсан. Ингэхэд ялын хугацаа дуусаагүй, мөн хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаарх мэдээллийг өгсөн. Тиймээс бидний зүгээс Төрийн албанд ажиллах боломжгүй гэж үзэж ЗГХЭГ-т хариу албан бичгийг хүргүүлсэн.
-Тэгвэл Н.Энхбаярын ялтай байх хугацаа хэдийгээр дуусгавар болох вэ?
-2017 оны наймдугаар сард дуусгавар болно. Ялтай байдлын лавлагааг өгдөг хууль хяналтын байгууллагаас ингэж мэдээлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ