Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлна гэв
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар Монгол бөхийн дэвжээнээс албан ёсоор зодог тайлахаар болжээ. Тэрээр наадмаас хойш заал, танхимын барилдаан болон Бичин жилийн цагаан сарын барилдаанд зодоглоогүй юм. Харин “Бичин жилийн анхны уралдаанд буурал морь минь түрүүлж азтай байлаа. Олон жилийн гомдол харуусал бага ч гэсэн арилах шиг” хэмээн цахим хуудаснаа бичсэн байсан юм. Түүнийг зодог тайлж уяач болохоор шийдсэн үү эсвэл дасгалжуулагчаа хийх үүхэмээн олон фэн нь асуужээ. Тэрээр “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн байна.
Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар 1981 оны тахиа жил Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төржээ. Тэрээр самбо, жүдо барилдааны ОУХМ цолтой бөгөөд2000 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авчээ. Х.Мөнхбаатар энэ оны аравдугаар сард 35 нас хүрэх юм байна. Тэрээр 2001 онд Улсын наадамд тав давж начин цол, 2005 онд Улсын наадамд долоо давж улсын заан цол, 2007 онд Улсын наадамд ес даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн юм. Барилдах хугацаандаа Х.Мөнхбаатар арслан улсад 10 удаа шөвгөрсөн бөгөөд “Монгол бөх Гиннесийн номонд” бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд 10 давж сүүлчийн зургаан бөхөд үлдэж байжээ. Тэрээр өнөөдөр 11.00 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд энэ талаараа Хэвлэлийн бага хурал хийх байсан ч ирэх долоо хоног болгон хойшлуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ