Жудочид “Шилдэг 16”-н тэмцээнд амжилттай оролцов
Жин жингийн дэлхийн шилдэг 16 бөхийн оролцдог “World Masters” тэмцээн тавдугаар сарын 25, 26-нд ОХУ-ын Тюмен хотод боллоо. Энэ тэмцээнээс манай улсын жудочид 5 медаль хүртэж багийн дүнгээрээ 2-р байрт шалгарлаа.
Олон улсын жүдо бөхийн холбоо буюу (IJF)-ноос санаачлан зохион байгуулах болсон зэрэглэл, чансаа өндөр “Masters” тэмцээн энэ жил дөрөв дэх удаагаа боллоо. Жин тус бүрийн шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог Мастерс 16-н тэмцэнд манай улсын жудочид өндөр амжилт үзүүллээ. Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд 2012 оны олимпийн надамын хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир алтан медаль, 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар мөнгө, 73 кг-д МУГТ Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдээс 57-д ОУХМ Д.Сумъяа алтан медаль, 52-д А.Цолмон мөнгөн медаль хүртэж шинэ залуу тамирчид энэ тэмцээнд маш өндөр амжилттай оролцлоо. Х.Цагаанбаатар гавьяат дэлхийн шилдгүүдийн цуглаан, “World Masters”-аас гурав дахь медалиа ийн өөрийн болгож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн дэлхийн анхны жүдоч болов.
“World Masters” тэмцээний түрүү бөхөд чансааны 700 оноо олгох бол мөнгө, хүрэл медалийг 420 ба 28 оноо дагалдана. Мөн медалийн төлөө барилдаж ялагдсан буюу тавдугаар байрт шалгарсан тамирчин 140 оноо авлаа. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 8 жудоч зодоглосон.
2010 онд Өмнөд Солонгосын Сувон хотноо болсон анхны “World Masters”-т 66 кг-ын жинд ОУХМ С.Мияарагчаа аваргалсан бол 2011 онд Азербайжаны Баку хотноо болж, Х.Цагаанбаатар /66 кг/ алт, Б.Тэмүүлэн /-100 кг/, М.Бундмаа /52 кг/ нар хүрэл медаль хүртэж байсан. Харин өнгөрсөн жил 66 кг-ын жинд Монголын хоёр жүдоч түрүү булаалдаж, С.Мияарагчаа “Мастерс”-ын хошой аварга болж, Х.Цагаанбаатар мөнгөн медаль зүүж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ