"Ард нийтийн санал асуулгыг ийм богинохон хугацаанд зохион байгуулж болохгүй"
"Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болон ард нийтийн санал асуулга зохион байгуулах асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Манай намаас өнөөдрийн улс төрийн амьдралд болж буй үйл явдлуудтай холбогдуулан хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлэх гэж байна.
Нэгдүгээрт, Ард нийтийн санал асуулгыг ийм богинохон хугацаанд зохион байгуулж болохгүй. Ард нийтийн санал асуулгыг арай өөрөөр бэлтгэж, ард иргэддээ ямар зүйлээр санал авах гэж байгаагаа мэдүүлж, ойлгуулж, энэ талаар нэлээд их мэдээлэл түгээсний дараа зохион байгуулах ёстой. Ингэж хэдхэн хоногийн дотор санал асуулга явуулна гэж ярьж байгаа нь ард иргэдээ хэтэрхий их доромжилж байгаа хэрэг юм шүү. Ард иргэдийн санал асуулга нэрийн доор одоогийн төр баригчид өөрсдийнхөө булхайг нуух гэж байна.
Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж эрх баригчид их зүтгэж байна. Энэ өөрчлөлтийг эрх баригчид зөвхөн өөрсдийнхөө эрх ашигтзориулан хийж байгаа.
Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах онц, сүрхий шаардлага тулгараагүй.МУ-н Үндсэн хуулинд манай улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд хэрэгтэй шаардлагатай бүх заалтууд байдаг. Ер нь МУ-ын Үндсэн хууль бол харьцангуй маш сайн хууль. Анх ҮХ-ийг хийж байхдаа олон орны туршлага, үндсэн хуулиудаас хуулбарлаж хийсэн. ҮХ өнөөдөр ерөөсөө буруудаагүй. Муудаагүй. Харин эрх баригчид ажлаа хийхгүй байгаа. Юм аа хийж чадахгүй байгаа.
Өнөөдөр Үндсэн хууль болохгүй байгаа учраас бүх юм болохгүй байгаа юм шиг ярьж байна. Эрх баригчид үнэнд гүйцэгдсэн. Ажлаа хийж чадахгүй байгаа. Эдийн засаг сөхөрсөн, ажилгүйдэл, ядуурал газар авсан, сонгууль болоход зургаахан сар үлсэн байхад гэнэтхэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж ярьж байгаа нь маш том буруу булхай луйвар юм шүү.
УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоно гэнэ. Ийм зүйл байж болохгүй. Би УИХ-д 12 жил суусан хүн. Гишүүд юу хийдгийг мэднэ. Ажлаа хийдэг бол 76 багадахгүй. Бараг ихэднэ. Ер нь удирдагч нар нь ажлаа хийдэг бол нөгөөдүүл нь салбайгаад л дагадаг. Энэ 76-ын ихэнх нь зүгээрл дагаад явдаг л хүмүүс байхгүй юу.
Түүнчлэн Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох юм гэнэ. Ийм байж таарахгүй ээ. Өнөөдөр ЗГ-аа УИХ-аас сонгож өчнөөн олон онхолдуулж байгаа. Тэгвэл одоо Ерөнхийлөгчөө бас тэгж онхолдуулж байх юм гэнэ л дээ.
Ерөөсөө Эдийн засаг нийгмийн хямралд оронгуут л бурууг өөр нэг юм руу чихэж, "ҮХ болохгүй байна. Тэр болохгүй байна" гэж ийш тийшээ бурууг чихэж байдгаа зогсоох хэрэгтэй. Энэ ард иргэдийг арай их дорд үзэж байна. Юм мэдэхгүй чадахгүй гэдгээр нь далимдуулж байна” хэмээн ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ