Д.Чойжамц: Цахир сумаас олдсон занданшуулсан шарилын увидас Итгэлт хамбынхтай адил
Архангай аймгийн Цахир сумаас занданшуулсан шарил хулгайлан зарах гэж байсан үйлдлийг цагдаагийн албан хаагчид шуурхай илрүүлсэн байдаг. Түүнээс хойш занданшуулсан шарилын талаар төрөл бүрийн мэдээлэл олон нийтэд хүрч, тус шарил олон зуун жилийн настай хувилгаан хүнийх байсан талаар гадны хэвлэлүүд ч онцолж байв. Тэгвэл Цахир сумаас олдсон занданшуулсан шарилын талаар тус сумын нутгийн зөвлөл болон Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, эрдэмтэн судлаачид мэдээлэл хийлээ. Цахим сумаас олдсон занданшуулсан шарил нь 200 орчим жилийн өмнө амьдарч байсан “Өвгөн Гэсэр ламтан” хэмээх Цэвээнраашийн Чүлтэмсүрэн, аграмба Равсалын Санжайжав нарынх байжээ.
Эдгээр лам нар нь эрдэм ухаан увидасаараа түмэн олныг бишрүүлж, нутаг орноо гадны элдэв халдлагаас хамгаалж, өвчин зовлонгоос түмэн олноо аварч байсан бодит жишээ олон байдаг юм байна. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “Буриадын Итгэлт хамбын эрдэм шинжилгээний хуралд сууж, мэдээллийг авч байсан. Цэвээнраашийн Чүлтэмсүрэн, аграмба Равсалын Санжайжав нарын занданшуулсан шарилын увидас Итгэл хамбынхтай адил. Бид эдгээр лам нарын шарил гарч ирсэн нь хүн арддаа адис жанлаваа хайрлах цаг нь бүрдсэн юм болов уу гэж үзэж байгаа. Сүсэглэж чадвал адис жанлав нь хүн бүрт хүрнэ” гэлээ. Лам нарын занданшуулсан шарилыг удахгүй нутаг руу нь авч явж залах юм байна. Түүнчлэн орон нутгийн удирдлагууд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ажиллах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ