Засаг нь ч огцрохгүй, нам нь ч хуваагдахгүй

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаараа багагүй зүйлд тохиролцож чадсан гэнэ. АН-ын гишүүд гадуур цацагдаад байгаа нам 2-3 хуваагдсан, шинэ нам бий болж байгаа зэрэг мэдээллийг нэгдсэн журмаар үгүйсгэх, Засгийн газрыг огцруулах тухай болон бусад асуудлууд дээр нэг байр суурин дээр зогсох тухайгаа тохиролцож авсан.

Үнэхээр ч үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр сонгуулийн сураг ойртсон үед засгаа ч огцруулна, намаа ч хуваана гэх мэтээр АН-ынхныг тойрсон бантангийн асуудал хүчрэгдэхээ болиод байсан юм. Хүссэн хүсээгүй энэ явдалд цэг тавьж элдвийн асуудлууд дээр горимын тохиролцоонд хүрч байр сууриа нэгтгэхээр эрх баигчид тохиролцсон байна. Алийн болгон МАН-ын сонгуулийн сурталчилгааны идэш болох вэ хэмээн бодсон ч биз.

Ингээд намын бүлийн дарга Б.Гарамгайбаатар хурал дээр чухам юу яригдсан тухай албан мэдээлэл өгсөн юм.Хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Төсөвтэй холбоотойгоор АН-ын бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн ахлагч мэдээлэл хийжээ. Мөн Тариалангийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Засгийн газар Гацууртын ордтой холбоотой гэрээ хэлцлийн талаар Сентерра Гоулд компанитай тохиролцоонд хүрсэн тухай Ерөнхий сайд мэдээлэл хийжээ. АН-ын бүлгээс Гацууртын ордыг ашиглах тухай хуулийн төслийг өргөн барихдаа Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барихыг үүрэг болгожээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ыг задарч, 2-3 нам шинээр байгуулагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. АН-ын бүлгийн даргын хувьд АН задраагүй, өөр нам, эвсэл байгуулагдаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Нам байгуулж, АН-аас гарч байгаа гэх нэр нь яригдаж байгаа гишүүдээс бүлгийн даргын хувьд тодруулахад тийм асуудал огт байхгүй гэсэн мэдээлэл надад өгсөн. Мөн Засгийн газрыг огцруулах тал дээр 14 гишүүн гарын үсэг зурсан гэсэн. АН-ынхан үүнд гарын үсэг зурахгүй гэдэг дээр хатуу тохиролцсон байгаа.

Төсвийн ажлын хэсгээс Төрийн захиргааны албан хаагчдын цалинг хасах асуудал нэлээд маргаан дагуулж байгаа тухай мэдээлэлдээ дурьдсан. АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан төслөөр нь батлахад анхаарах болно. Төсөв хувийн хэвшлийн татвараас бүрддэг. Төрийн захиргааны албан хаагдчын цалинг 10 хувиар хасах нь хувийн хэвшлийн ажиллах боломжийг нээж байгаа юм. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 3000 хүн ажлаас чөлөөлөгдөж байгаа. АН эдгээр хүмүүсийг давтан сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. МАН өмнө нь төрийн албан хаагчийн тоо өссөн талаар шүүмжилж байсан бол өнөөдөр 3000 мянган хүнийг ажилгүй болголоо хэмээн улс төрийн суртал, ухуулга хийж байна. Бүтцийн асуудлыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ энэ асуудал 2015 оны төсвийн тодотголтой давхар өргөн мэдүүлсэн. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “Тодотголтой хамт өргөн мэдүүлснээр 2016 оны төсөвт хүндрэл учруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилготой. Тиймээс АН-ын бүлэг үүнд өөрчлөлт оруулахгүйгээр анх өргөн мэдүүлсэн төслөөр нь дэмжих хэрэгтэй” хэмээн тайлбарласан. Үүнд бүлэг санал нэгдсэн.

Төсвийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Бүтцийн өөрчлөлтөд зайлшгүй 3000 орчим хүн хамрагдана гэсэн тооцоо гарсантай холбоотойгоор ийм асуудал ярьж байгаа юм. Шийдлийн Засгийн газар, үүний өмнөх Засгийн газрыг байгуулж байхад төсөв хэтрүүллээ, маш олон хүнийг ажилд авч байна, яам тамгын газруудад танил талаа харж олон хүнийг ажилд авч байна, энэ нь төсөв хүндрүүлээд байна гэж сөрөг хүчингүүд ярьж байсан.Энэ нь алдаа байгаад, үүнийгээ засч залруулъя, бүтцийн өөрчлөлт хийе гэхээр 3000 хүнийг ажилгүй болголоо гэх юм. Тэгэхээр бүтцийн өөрчлөлтөд хамрагдах эдгээр хүнийг зүгээр ажилаас нь чөлөөлөөд орхих биш, давтан сургалтад хамруулах юм. Үүнд төсвөөс мөнгө гарахгүй. Хувийн хэвшилд шилжүүлнэ гэдэг нь эдгээр хүн зах зээлийн жам ёсоор хувийн хэвшилд ажиллах боломж бий гэсэн саналыг хэлж байгаа юм.

Гацууртын орд байнгын хардлага явж байдаг. Гацууртыг түрүүчийн УИХ-ын чуулганаар батлах гэж байхад нь сэтгүүлчид Гацуурт руу бүгд явсан. Түүнээс хойш ямар түвшинд байгааг сэтгүүлчид хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр гаргасан. Энэ асуудлыг дахиад эдийн засгийн хүнд байдал руу шилжүүлэхгүйн тулд зайлшгүй ашиглах ёстой гэдэг нь тодорхой байгаа юм. Засгийн газар, Бороо гоулд компанитай УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу гэрээ хэлцэлд ороод асуудал нь тохиролцоонд хүрсэн гэдгийг Ерөнхийсайд хэлсэн. Тиймээс УИХ-д энэ асуудлыг эргэж оруулж ирэх шаардлагатай болсон гэсэн. Үүнийг АН-ын бүлэг дэмжиж байгаа. Нэг ёсондоо Гацууртын уурхайг ашиглахыг дэмжиж байна. Үүнтэй хамтраад Ноён уулыг тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг хамт оруулж ирэх шаардлага тавьсан тухай бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин