Эдийн засаг дахь итгэл найдвар

Эдийн засгийн хямрал энэ онд эрчээ авах нь гэсэн иргэдийн айдас дээр гадаад худалдааны тэнцэл эерэг үзүүлттэй гарлаа гэсэн мэдээлэл эргэлзээ төрүүлдэг. Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар эдийн засагт эерэг үзүүлэлтүүд байгааг судалгаанаас харж болохоор байна. Экспорт импортын харьцаа 2014 оноос тэнцвэржиж эерэг зүг рүүгээ заасаар энэ оны эхний улиралд гэхэд ахицтай дүр зураг харагдаж байна. Мөн хоёр жил шахам гацаанд орчихоод байсан Оюутолгой төсөл хөдөллөө. Энэ чимээнээр “Turqoise Hill Resource”-ийн хувьцаа дэлхийн зах зээлд 12 хувийн өсөлтийг үзүүлсэн гэх мэдээлэл манай улсын эдийн засагт итгэл найдварыг авчирч байна. Ингээд Тавантолгойн төсөл удахгүй хөдөлвөл монголчуудын айдас аяндаа илаарших юм. Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр болон 2012 оноос эхлүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүд үр өгөөжөө өгч байгаагийн илрэл ийнхүү гарч байна. 2015 оны эхний 4 сарын байдлаар эдийн засаг 4.4 хувийн өсөлттэй байгаа нь эерэг дүр зураг яах аргагүй мөн.

Гадаад худалдааны тэнцэл

Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан ч манай улсын гадаад худалдаа сүүлийн жилүүдэд үзүүлээгүй эерэг үр дүн буюу өнгөрсөн онд 538 сая ам.доллар буюу анх удаа ашигтай гарсан. Энэ үзүүлэлт оны эхний 4 сарын дүнгээр 418 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь ам.долларын өсөлт үргэлж сөрөг үр дагаврыг авчирдаггүй гэдгийг мэдэрдэг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн баялгийн үр дүн юм. Бид хэрэглэгчээс үйлдвэрлэгч улс руу шилжиж байгаа жишээ гэж өөдрөгөөр үүнийг тодорхойлж болох юм.

Урсгал тэнцэл

Урсгал тэнцлийн алдагдал буурснаар төгрөгийн ханш, гадаад валютын улсын албан нөөц дэх суурь дарамт эрс буурсан байна. 2014 оны 7-р сарын эцсээс болон 2015 оны 1-р сард мөнгөний бодлогыг чангаруулах бодлогыг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2014 оны 8-р сараас эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн юм. Ийнхүү урсгал тэнцэл сүүлийн 8 сарын хугацаанд 34 сая ам.долларын ашигтай гарлаа.

2015 оны 1-4 сарын гадаад худалдааны үзүүлэлтүүд

Инфляцийн түвшин

ҮСХ-ны мэдээлснээр 2015 оны 4 дүгээр сарын Улаанбаатар хотын инфляци 8.8 хувь, улсын хэмжээнд 9.2 хувь байна. Инфляцийн түвшин 2012 онд 14 орчим 2013 онд 11.9, 2014 онд 11.0 хувь байсан бол 2015 он гарсаар ийнхүү нэг оронтой тоонд орлоо. Сүүлийн жилүүдийн статистик үзүүлэлтийг харвал 2012 оны 4 дүгээр сард инфляци 17.5 хувьд хүрж байсан бөгөөд инфляцийн дийлэнх хувь буюу 40 орчим хувийг нийлүүлэлтийн гаралтай инфляци эзэлж байсан юм.

Эдийн засгийн талаарх таагүй мэдээ, эргэлзээ, төөрөгдлөөс гарах өөдрөг эхлэл ийнхүү ирж байна. Оюутолгойн үнэт цэнийн 80 хувийг агуулдаг далд уурхайн ажил эхэллээ. Мөн Ерөнхий сайдын амласнаар Тавантолгойн төсөл хөдөлвөл Монголын эдийн засаг дахь итгэл найдварууд эерэг үзүүлэлтүүд рүүгээ шилжих цаг ирэх нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин