М.Энх-Амгалан: “Эрдэнэс-Таван Толгой” ХК 100 сая ам.доллар алдсан асуудал байхгүй
Австралийн Макмахон компанийн тухай хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээллийн талаар “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай компани зүүн уурхайнхаа гэрээт олборлогч Австралийн Макмахон компанитай шүүхээр заргалдаж 100 сая доллар алдсан гэсэн мэдээлэл интернетээр гарч байна. Та энэ талаар тайлбар өгнө үү?
-“Эрдэнэс-Таван толгой” ХК нь Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч Австралийн “Макмахон холдингс” ХХК-ийн охин компани болох “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр тус компанийн үйл ажиллагааг 2014 оны наймдугаар сарын 14-ний өдөр түр зогсоосон.
Дээрх асуудлаар аль ч тал шүүх, арбитрын байгууллагад хандаагүй бөгөөд талууд хамтран ажиллах гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах замаар шинэчлэн байгуулах асуудлыг олон удаагийн яриа хэлэлцээ хийж зарим тодорхой үр дүнд хүрсэн.
“Макмахон холдингс” ХХК Монгол дахь өөрийн бизнесээ гуравдагч талд худалдсан тухай Австралийн хөрөнгийн биржид гаргасан өнөөдрийн мэдэгдлээс нь олж мэдсэн. “Эрдэнэс-Таван Толгой” компани энэ асуудлыг тодруулахаар ажиллаж байна.
Харин хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байгаа шиг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс тус компанид шүүх, арбитрын журмаар аливаа хэлбэрийн төлбөр төлөх асуудал үүсээгүй болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ