Хангүг стилээс монгол залуус ингэж салж байна
Түүхийн нэгэн нугачаанд монголчууд улс орон даяар кампанит ажил болгон өрнүүлсэн соёлын довтолгоонд өртөж бичиг үсэгжихээс эхлүүлээд юм юмаараа өөр болсон цаг бий. Мөн нэгэн үе ардын армийн цэрэг, офицерууд хамгийн "эрэлттэй", улс төр нийгмийн бүхий л түвшинд ажиллахуйц мэргэжилтэн кадрууд болж бэлтгэгддэг, тэр ч утгаараа цэргийн даргын эхнэр болох моод ч дэлгэрч байсан гэдэг.
Соёлын довтолгоо, арми хоёрыг нэгэн зэрэг дурдахын учир юу вэ гэвэл...
Өнөө цагт монголчууд соёлын довтолгоонд өртөж байна гэвэл, хэн ч таарсан аан солонгосынх л гэж хэлнэ. Ерөнхий боловсролын жаахан жаалууд, охидуудаас эхлүүлээд солонгос жүжигчид, дуучдыг андахгүй өсөн торниж, тэдний ааш аяг, үг хэллэг, төрх байдлыг хуулбарлан дууриах нь ёстой л хүчтэй довтолгоо юм гэмээр. Хүүхэд багачуудыг хэлэлтгүй хөгшид хүүхнүүд солонгос кинонд донтож, залуус нь эх түүхээ мэдэхгүй хэрнээ хангүгийн зохиомол агуу гүрнүүдийг бахадна.
Ийм л хачин болчихсон манай нийгэмд нэгэн нүдээ олсон арга хэмжээ хэрэгжиж байгаа нь "Оюутан цэрэг" хөтөлбөр. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргээ биелүүлж энэ хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм. 1990-ээд оноос зэвсэгт хүчнийг цомхотгож, хугацаат цэргийн албан хаагчийн тоо цөөрснөөр энэ байдал 20 гаруй жил үргэлжилилж цэргийн зохих бэлтгэл бүхий зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл нөөц бүрэлдэхүүний хомсдол гарч, залуусын эх оронч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг Төрийн тэргүүн олж харсан байгаа юм. Ингээд цэргийн насны оюутан залуусын цэргийн алба хаах, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарал хандуулж эхэлсэн нь энэ.
Хүүгийн маань найз оюутан цэрэг. Бусад бор цэргүүдийнхээ л адилаар бие даасан амьдралын хаалгаар дөнгөж алхаж орж ирж байхдаа цэрэгт явсан залуу. Эргээд ирэхдээ компьютерын ард чихэвч зүүж хамаг цагаа өнгөрөөдөг байсан үеэсээ тэс өөр болж бие бялдар нь ч чийрэгжиж, үзэл санаа нь ч бодит өөрчлөлт орсныг найзууд нь анзаарчээ.
Найзууд нь хэн ч юм бэ солонгос жүжигчин дуучныг даган дууриаж үс зүсээ өөрчилж байгааг хараад тэр хүү ихэд бухимдан үүнийгээ боль гэж эр боргил дуугаар зандарсан байгаа юм. Эр цэргийн алба залуусыг амьдралд жинхэнэ хатаасан болд болох замд нь бэлдээд явуулж байгаагийн нэг жишээ энэ. Цэрэгт явсан залуус бусдын соёлыг даган дууриахаасаа илүүтэй эх оронч үзлээр хүмүүжиж, төлөвшиж, буурьтай суурьтай ухаанаар амьдралд ханддаг болж, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлөөрөө ч бусдаасаа илүү болж ирээд эрдэм номынхоо мөрийг үргэлжлүүлэн хөөж байгаа нь үнэхээр авууштай.
Өнгөрсөн 2014 онд зөвхөн нийслэлийн 42 их, дээд сургуулийн 418 оюутан-дайчид хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хааж тангараг өргөж байсан бол энэ онд нийслэлийн төдийгүй орон нутгийн 66 их, дээд сургуулийн 1000 оюутан цэрэг хамрагдан тангараг өргөж байгаа нь бүр ч сайшаалтай.
110 кг жинтэй очсон оюутан 80 кг болж байна, гараа зүүгээр хатгаад захны давуугаа хадаж чадахгүй байсан залуу юм оёдог болсон байна. Компьютерээр л бууддаг байсан бол жинхэнэ буугаар буудаж сураад эх орноо хамгаалахад бэлхэн эрчүүдийн тоог нэгээр нэмсэндээ тэд өөрсдөө ч бахархаж явна.
Эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ бие бялдрын гайхалтай хүмүүжил олж авсныг сайшааж эх орон дуудахад “Хэзээд бэлхэн” гэсэн сэтгэл зүйтэй болсонд нь талархахын сацуу хамгийн наад зах нь гэр бүлтэй болохдоо өрх гэрээ аваад явах сэтгэлийн тэнхээ, хатуужилтай болсонд нь баярлаж байгаагаа илэрхийлж байх жишээтэй.
Цэргийн даргын эхнэр болдог моод өнгөрсөн зуунтайгаа хамт одож, харин эсрэгээрээ эрчүүд нь эр цэргийн албанаас зайлсхийх нь ихэссэн, эх орноо хамгаалахад хэзээд бэлхэн цэрэг байж чадахгүй олон залуучуудтай болсон энэ үед оюутан залуусаа дээр дурдсан шиг давуу талтай болгож эх оронч хүмүүжлээр хүмүүжихэд нь томоохон хувь нэмэр болохын зэрэгцээ гадаадын соёлын довтолгооноос салгаж байгаа "Оюутан цэрэг" хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлэх нь зүйтэй бизээ.
Б.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ