Бурхдыг доромжилбол ингэдэг юм
Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Галт суманд хүн биенээсээ чулуу, бурхан гаргасан гэх хэрэг олны анхаарал татсан юм. 20 настай В.Мөнгөнчимэг гэх эмэгтэй биенээсээ 2000 чулуу, 20 гаруй бурхан гаргасан хэмээн хэвлэлээр цацагдаж, нутгийн иргэд болон В.Мөнгөнчимэгийн аав түүний үйлдлийг батлан ярьж олныг алмайруулсан.
Нутгийн иргэд “Мөнгөнчимэг нь хүний биенээс гарч болох бүх нүх сүвээр уг чулуу, бурхдыг гаргадаг. 2011 оноос эхлэн гаргаж эхэлсэн. Эхлээд чулуу гаргадаг байсан ч сүүлдээ бурхан гаргаж эхэлсэн. Бид итгэхгүй байсан ч нүдэн дээр бурханаар бөөлжөөд байхаар итгэхээс өөр аргагүй” хэмээн ярьж байлаа.
Мөн В.Мөнгөнчимэгийн аав охиныхоо энэ ер бусын чадварыг сумын захиргаа, аймгийн эрүүл мэндийн газрын дарга, УИХ-ын гишүүн Л.Гүндалайд хандсан ч тоохгүй байна хэмээн гомдоллон ярьж байсан юм.
Харин тухайн үед энэ талаар Хөвсгөл аймгаас хэдэнтээ сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаас тодруулахад, “Хүн бурхан, чулуу гаргалаа гэх асуудлаар надад лав хандаж байгаагүй. Анагаахын шинжлэх ухаанд ч ийм зүйл байдгийг мэдэхгүй” хэмээн гайхашран хариулж байв.
Юутай ч үнэн худал нь мэдэгдэхгүй олныг алмайруулсан уг хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн юм. Шалгалтын явцад түүний бурханаар бөөлжих нь битгий хэл, мөнгөн зоос ч амнаасаа гаргаж чадахгүй нь батлагдаж ”гайхамшиг”-ийн учиг тайлагдах нь тэр.
Ингээд цагдаагийн байгууллагаас түүнд эрүүгийн хуулинд зааснаар бусдыг залилан, мэхэлсэн хэмээн буруутган шалгаж, одоо хэргийг нь прокурорын хяналтад шилжүүлээд байгаа юм. Прокурор хянаж дууссаны дараа хэрэг шүүхэд шилжинэ. Хэрвээ түүний гэм буруутай нь нотлогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэн мөнгөөр торгуулна. Эсвэл гурав хүртэл сарын ялаар шийтгүүлэх болжээ.
Олны анхаарлыг татаж, толгойг нь эргүүлэн ашиг хонжоо хайдагт хүмүүст ийнхүү том сургамж боллоо. Юутай ч бурханаар бөөлждөггүй нь батлагдсан В.Мөнгөнчимэг хариуцлага хүлээх нь тодорхой. Харин яг ямар учраас ийнхүү олны толгойг эргүүлсэн нь одоо ч тодорхойгүй.
Иргэдийг ийнхүү залилан, мэхэлж өөртөө итгүүлсний дараа В.Мөнгөнчимэг болон түүний “хамтран зүтгэгчид” ямар гээч үйлдэл хийж олон нийтийг ашиглах байсан бол. Магадгүй дэлхий сөнөнө, надад шүтэж мөргө, эс тэгвэл муугаа үзнэ гэж золигтох ч байсан юмуу хэн мэдлээ.
Харин түүнтэй хамт үгсэн хуйвалдаж, В.Мөнгөнчимэгийн утгагүй үйлдлийг олонд тарааж, итгүүлсэн иргэд ямар хариуцлага хүлээх вэ. Миний охин бурханаар бөөлждөг гайхамшигтай авьяастай хэмээн ярьсан аав ямар хариуцлага хүлээх вэ. Энэ хэрэгт далдуур оролцож ямарваа нэгэн ашиг олохоор санаархаж байсан бүх хүмүүст хариуцлагыг нь хүлээлгэвэл зохилтой. Тэгснээрээ дахин ийм балай, 21-р зуунд байгаагаа мартсан мэт утгагүй үйлдлүүдээр олон нийтийг зальдах гэсэн башир аргатнуудад том сургамж болох биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ