Ил задгай зургаан цэгийн худалдааг хориглов

Халуун дулааны улиралд хоол, хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилт, дүгнэлтгүйгээр ил задгай, зориулалтын бус нөхцөлд худалдан борлуулах явдал ихэсдэг билээ. Хан-Уул дүүргийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгийн тэргүүн н.Пүрэвдаваа, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Нарантуяа, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, хоёрдугаар хорооны Засаг дарга Ч.Наранцэцэгнартай хамтран ил задгай худалдаа ихээр гардаг дүүргийн хоёрдугаар хорооны Жаргалант үйлчилгээний төв, Ажилчны алдар талбай, автобусны буудал, нэгдүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын ойр орчимд хяналт, шалгалт явууллаа. Шалгалтаар гарал үүслийн гэрчилгээгүй, жин баталгаагүй, хог хаягдалаа ил задгай хаядаг, түргэн муудах жимс жимсгэнэ зарж, борлуулж байгаа зөрчил илэрлээ.
Иймээс сүүдрэвчтэй болон машинт зургаан цэгийн үйл ажиллагааг зогсоох, орчны цэвэрлэгээ, хог хаягдлыг цэвэрлэх талаар хугацаатай албан даалгавар өгч, цаашид хяналт тавьж ажиллах талаар холбогдох албан тушаалтанд үүрэг өгч ажиллалаа. Хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас гадна эрүүл мэнд, амь насанд аюултай. Иймд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ