Нисгэгчгүй агаарын төхөөрөмжөөр авсан Улаанбаатар хотын гэр хорооллын газрын зургийг Хотын захиргаанд хүлэ
Азийн сангаас нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нисгэгчгүй агаарын төхөөрөмжөөр авсан өндөр нарийвчлалтай Улаанбаатар хотын гэр хорооллын газрын зургийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Уг газрын зургийг Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдбэрг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд гардуулав.
Азийн сан Улаанбаатар хотын Захиргаатай хамтран 2012 оноос хойш гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэр хороолол дахь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, иргэдэд хүрч байгаа нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийн системийг бүхэлд нь чанаржуулах, түүний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон шинэ ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Үүний хүрээнд Улаанбаатар хотын нийт хороонд хийсэн иргэдийн оролцоотой газрын зураглал төслийн үргэлжлэл болгон Азийн сангийн Сан Францискогийн төв оффис дахь Мэдээлэл, технологийн газар, Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын зарим хорооны өндөр нарийвчлалтай газрын зураг бололвсруулах төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн.
Энэхүү төслийн хүрээнд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим гэр хорооллын 80 километр квадрат орчим газар нутгийг хамарсан өндөр нарийвчлалтай газрын зургийг нисгэгчгүй агаарын төхөөрөмж ашиглан авч, боловсруулах ажлыг гүйцэтгэжээ.
Нисгэгчгүй аргаарын төхөөрөмжөөр авсан газрын зураг нь Хотын өсөлт, тэлэлтийн мэдээллийг өгөх, Хот төлөвлөлттэй холбоотой ажлын төсвийг боловсруулахад анализ дүн шинжилгээ хийх, Хотын үйлчилгээг сайжруулах ажлуудыг хаана хийж болох тал дээр шийдвэр гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ