Нийтийн тээвэр удирдлагын төвтэй боллоо
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэ дагуу өчигдөр буюу 2015.06.18-нд системийн хамгийн чухал нэг хэсэг болох “Улаанбаатар хотын Нийтийн тээврийн удирдлагын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус төв нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг бүхэлд нь удирдаж хөдөлгөөнд оролцож байгаа бүх автобусыг тогтмол хянах юм.
Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 22 компани байдаг. Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1170 орчим автобусанд суурилуулах тоног төхөөрөмжүүд бүгд үйлдвэрлэгдээд Монгол Улсад ирчихсэн суурилуулах ажил эхэлжээ. Өчигдрийн байдлаар 198 автобусанд бүрэн төхөөрөмж суурилуулаад байгаа бөгөөд суурилуулалтын ажил ирэх сарын 5-ны өдөр дуусах юм.
Мөн эхний ээлжинд ашиглах 700,000 ширхэг “U money” карт Солонгос улсад үйлдвэрлэгдэн ирчихсэн байгаа бөгөөд “U money” карт цэнэглэх, худалдах цэгүүдийг байгуулах бизнес эрхлэгчидтэй гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Нийслэлийн хэмжээнд 500 цэг байгуулахаас 280 цэгтэй гэрээ байгуулахад бэлэн болжээ.
Төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг ирэх сарын 20-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Төслийн хэрэгжүүлэгч “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь Улаанбаатар хотын оролцоотой компани бөгөөд нөгөө талаас Сөүл хотын өмчийн оролцоотой “Кореа Смарт Карт Корпораци” оролцож байгаа гэдэг нь Улаанбаатар хот, Сөүл хотын хамтарсан компани, хамтарсан төсөл гэж хэлж болох юм.
Энэ жилНийтийн тээврийн үйлчилгээнд удирлага мэдээллийн систем нэвтрүүлэх төслийн нээлт болж байгаа төдийгүй мөн олон тэмдэглэлт үйл явдлууд тохиолдсон онцлогтой жил тохиож байна.
Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. Түүнчлэн Монгол, Солонгос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25, Улаанбаатар хот, Сөүл хот ах дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа юм. Мөн ТиймээсНийтийн тээврийн үйлчилгээнд удирлага мэдээллийн систем нэвтрүүлэх төслийн нээлт болсон зэрэг энэ жил нийтийн тээврийнхний хувьд тун их онцлогтой жил болж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ