Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 20.8 хувиар өсчээ
Нийслэл хотын хэмжээнд 2015 оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж, 248 иргэн хохирсоны 90,3 хувь эмэгтэй, 9,6 хувь эрэгтэй хүн байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 20,8 хувь, хохирогч 19,8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хүчирхийллийг хэлбэрээр харахад бие махбодын хүчирхийлэл 78,1 хувь, сэтгэл санааны хүчирхийлэл 20,5 хувь, бэлгийн хүчирхийлэлд автсан 0,4 хувийг эзэлж байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн захиргааны зөрчил 2015 оны эхний 05 сарын байдлаар нийт 285 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 132 нэгжээр буюу 86,2 хувиар өссөн байна.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр 2014 оны 04-р сарын 07-ны өдрөөс эхлэн үйлчлүүлэгчидээ хүлээж авсан.
Тэгвэл энэ сарын 09-ний өдрийн байдлаар 338 гэр бүлийн нийт 537 иргэнийг хамгаалалтанд авснаас насанд хүрсэн 177, хүүхэд 360 байв. Түр хамгаалах байрнаас тэдэнд хууль эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эмнэлгийн шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа юм.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл авч, зөвлөгөө өгөх зорилгоор 2014 оны 10-р сарын 23-ны өдрөөс эхлэн "107" тусгай дугаарын утсыг ажиллуулж, энэ хугацаанд нийтдээ 899 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө бусад мэдээллийг өгч ажиллажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ