Ямар гэгчийн луйварчдыг улстөрд бэлтгэсэн хэрэг вэ

Өтөл насанд хүрчихээд нас намбаа бодохгүй архи ууж, агсам тавих, авгай хүүхэн эргүүлэх, цаашлаад өтөлсөн хойноо нас намба алдан эхнэрээ хуурдаг өвгөчүүлийг монголчууд “шар сэмжилсэн” хэмээн хочилдог. Тэр хэрээрээ ч ёозгүй ханддаг. Өвөг дээдсийн ухаанд ч эр, эм ялгаагүй 30 нас хүртлээ амьдралын сайн мууг ялгаж салган, архи дарс наргиан наадамд дурлаж болох ч 30 наснаас хойш амьдралаа төвхнүүлж, үр хүүхдээ өсгөх, сурган хүмүүжүүлэх ухаан гаргах ёстой хэмээн сургадаг уламжлалтай. Энэ бол бидний уламжлалт соёл, сэтгэлгээ.

Залуу нас гэдгийг монголчууд эртнээс 30 хүртэлх нас хэмээн тодорхойлж ирсэн байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр энэ байдал алга болжээ. Залуучууддаа байр сууриа тавьж өгөхийг хүсдэггүй “шар сэмжилсэн” өвөө нар нийгмийн давхарга бүрт улам бүр байр сууриа эзэлсээр. Тэд авгай хүүхэн, албан тушаал, архи дарснаас эхлээд хутгалдахгүй зүйл гэж байхгүй болсон. Үүний тод жишээ бол намынхаа залуучуудын байгууллагад харьяалагдах гэсэн 40 хүрч яваа “шар сэмжит”-үүдийн үйлдэл юм. НАМЗХ гэх МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага хоёр хуваагдах болсоор даруй таван сарын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд ил далд сонирхлоо хав дарж, далдуур хөшигний ард хор хутгаж явсан залуус өнөөдөр ил цагаандаа гарчихаад 40 хүрч яваа ах нараасаа албан тушаалаа булааж авахаар хөөцөлдөж эхэлснээр зөрчил ил болж эхэлсэн юм.

Тэдний маргаан НАМЗХ-ны удирдлагыг өөртөө авах гэсэн Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, Н.Төмөрхүү, О.Содбилэг нарын өнгөлөг мөнгөлөг эрхмүүдийн санаархлаас эхэлсэн. Улмаар залуучуудын холбооны тэргүүний суудал нь энэ холбоонд хэн харьяалагдах вэ гэсэн хэрүүл рүү даамжирч, өнөөдөр хэвлэлээр шар сэмжтэй, сэмжгүйгээрээ дуудалцаж байна. Нэгнийхээ хаа хол АНУ-д гаргаж байсан автозамын хөдөлгөөн зөрчсөн хуудас цаасыг ухаж гаргаж ирээд л баримт хэмээн мунхаглах. Идэр насандаа ихийг бүтээх учиртай ах нарынхаа хэрхэн хор найруулж байгааг эсэргүүцэн залуус хийж бүтээх насандаа хэн нэгний гар хөл болж, туг лоозон барин яамны үүд сахин өнгөрүүлж байх жишээтэй.

Ирээдүйд бэлтгэгдэж буй улстөрчид иймэрхүү л төрхтэй таван сарыг өнгөрүүллээ. Хамгийн аймшигтай нь улс төрд мөнгөтэй, эрх мэдэлтэй нь суудаг мөнгөгүй, эрх мэдэлгүй нь арчигддаг юм гэдгийг МАН-ын залуус үйлдэл бүрээрээ харуулж байна. Удам дамжсан улс төрийн хор найруулалт явагддаг, албан тушаалыг ямар ч хамаагүй мөнгөөр худалдаж авч болдог гэдгийг Н.Номтойбаяр нар харуулсаар. Н.Нямтайшир, Ч.Ганзориг, Ө.Энхтүвшин гээд дандаа хөрөнгөтэй мөнгөтэй айлын 40 шүргэж яваа “хөвгүүд” залуучуудын байгууллагаа мөнгөөр худалдаж авах гэж журмын нөхдийнхөө араас түгжилдсэн энэ балиар явдлыг МАН-ын ахмад улстөрчид байх ёстой, явагдах ёстой процесс мэтээр хүлээж авч байгаа нь өөрөө эмгэнэл юм. Тэд 90 жилийн түүхтэй намаа цаашлаад Монголын улс төрийг бантан болгож хувиргалаа.
Эцгийн нэрээр улс төрд орж, албан тушаалыг зөвхөн мөнгөөр авч болдог гэж сэтгэсэн Ардын намын “нялх сэнгүм”-үүдийн зөрчил намынхаа нэр хүндийг улам бүр унагасаар. Улс төрийн амаргүй замаар өгсч гарч ирсэн шударга улстөрчид нь мөнгөтэй хөвгүүдийн өмнө гөлөлзөж үг хэлж чадахгүй байна гэхээр л энэ нам дотроосоо ямар их ялзарч, намдаа шинэчлэл хийх учиртай залуусынх нь санаа ямар эрт өтөл болж, өтөж ялзарсныг гэрчлэх бус уу. Энэ бол гүтгэлэг биш. Өдөр болгон хэвлэлээр талцаж байгаа залуусынх нь хэрүүл батлаад өгчихнө. Цөөхөн хэдхэн хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “ядуу” фронт Н.Номтойбаярын эсрэг сөрөг дайралт хийсэн юм.

Өдөр өнжихгүй шахам залуус нь хэвлэлд ярилцлага өгч 35 нас хүрчихээд залуу гэж хэлж байгаадаа ичих хэрэгтэй. Н.Номтойбаяр бол авгай хүүхний асуудлаа зохицуулж чадахгүй, АНУ-д ийм ийм зөрчил гаргасан гээд л. Г.Тэмүүлэнгээр удирдуулсан “баячууд”-ын фронт нь Л.Оюун-Эрдэнэ бол луйварчин. Харвард руу асар их мөнгө шилжүүлсэн. Тэр бол НАМЗХ-г тэргүүлэх эрхгүй. “Голден Бридж” сургалтын төв бол Л.Оюун-Эрдэнийн луйврыг халхалж байдаг газар хэмээн сөрөг дайралт хийв.

Өчигдөр гэхэд л Нийслэлийн намын залуучуудын холбоо нь ээлжит хурлаа хийж Ерөнхий сайдын зөвлөх Н.Учрал залуучуудын холбоогоо тэргүүлэхээр болсон нь мөн л хууль бус асуудал болсон гэнэ. Ах нар нь мөн л Н.Учралын эсрэг мэдээлэл хийж, дахиад л хууль бус болсон болоогүй гэх маргаан үргэлжлэх нь тодорхой болж байна. Гээндээ ч, гоондоо ч бий гэгчээр асуудал Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нарын хэн хэнд нь асуудал байгаа. Тэдний энэ эрх ашгийн зөрчилд жирийн залуучууд үрэгдэх учиргүй юм. Нэг нь цензургүй ярьж булхайг нь уудалж, нөгөөх нь цензургүй хуушуурдалт хийж нөгөөгийнхөө булхайг уудалж эгээ л авгай хүүхнүүдийн зарчмаар албан тушаалын хэрүүл хийх.

Өмнөөс ч “бөгс” улаймаар. Хэн хэнийх нь эрх мэдлийн төлөөх шунал, МАН-ын булшны нүхийг ухаж байгаа юм биш үү.Хэтэрхий их хүссэн хүнд албан тушаал өгч болдоггүйн тод жишээг тэд харуулсаар байна. Ноёны хүү ноён суудаг, ардын хүү ардаараа үлдэх ёстой гэх хуучирсан сэтгэлгээ шинэ үеийн Ардын намын залууст суучихсан байна гэхээр л бид ямар аймшигтай хүмүүст улсаа даатгах гэж байна вэ гэсэн айдас төрөх. Намынхаа нэг залуучуудын байгууллагыг тоглоомын бай болгож, хэвлэл мэдээллээр өөрсдийнхөө хамаг муу муухай, бузар булхайг дуудалцаж байгаа тэд ирээдүйд төр түшиж чадах уу гэхээс л жигшил төрөх юм.

Энэ МАН-ын залуу үе. Тэд биднийг ирэх жилүүдэд удирдах улстөрчид. Тэд өчүүхэн жижиг эрх ашгийн төлөө найзынхаа араас “хутгалж”, нэгнийхээ хамаг бузар булайг уудалж байгаа. Ердөө л жижигхэн залуучуудын холбооны тэргүүний төлөө ингэж байгаа хүмүүс том том уул уурхай, албан тушаал, эрх мэдлийн төлөө нэгийгээ ч хөнөөж мэдэх юм байна. 90 жилийн зангарагтай улстөрчид өө. МАН-ын лидерүүд ээ. Та нар ямар гэгчийн луйварчдыг улс төрд бэлтгэсэн хэрэг вэ.

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин